Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 48 дугаар тогтоолоор газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.
Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатыг энэ сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-нд Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар, хоёрдугаар үе шатыг ирэх сарын 11-12-нд Улаанбаатар хотод Төрийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна.
Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан. Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.
Бэлтгэл ажлын хүрээнд “Баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 17-нд зохион байгуулж, холбогдох салбарын эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагчид оролцсон.