Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ

By Onon Bayarsaikhan

April 10, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

48 жилийн турш төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангаж, иргэдийн ая тухтай амьдрал, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.

Багануур” ХК улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52 хувийг дангаараа хангадаг.

Өнгөрсөн онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 37.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ олон жил хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулан 2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.

Улсын төсөвт 105 тэрбум, Нийгмийн даатгалд 19 тэрбум, Үндэсний баялгийн санд 126 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

Энэ жил 4.8 сая тн нүүрс олборлох бөгөөд 2028 он гэхэд олборлолт 8 сая тн болж нэмэгдэнэ гэдгийг гүйцэтгэх захирал Т.Отгонболд хэллээ.   

“Эрдэнэс Монгол” нэгдлийн 255 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тн хөх нүүрс, 82 мянган тн нам температурын давирхай үйлдвэрлэж, 40 мВт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ.

Ингэснээр орон нутагт 400 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсан байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байгаа. “Багануур” ХК хөдөлгөөнд нэгдэн 520 орчим мянган мод, бутны суулгацыг Мод үржүүлгийн газартаа бойжуулж, 2 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлт зэрэгт зарцуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Японы хөнгөлөлттэй зээлийн 23.5 тэрбум төгрөгийг тус компанийн технологийн автомашин, механизмын 27 хувийг шинэчлэхэд зарцуулах шийдвэр гаргаж байсан юм.

Компанийн хамт олон төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрт бодит хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Мөн эх орныхоо гал голомтыг бадраах хөгжил цэцэглэлтийн тулгуур болж, уурхайчин хэмээх нэрээр овоглон, мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж, уул уурхайн салбарын хөгжлийг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг Монголын төр, засаг ямагт үнэлж ирснийг тэмдэглэлээ.