Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тавигддаг байсан дүгнэлт, гэрээ зэрэг бичиг баримтын шаардлагыг цуцаллаа. Үүнд дугуй засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг нийтлэг үйлчилгээний чиглэлийн бизнесүүд хамрагдаж байна.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд Төрийн үйлчилгээний нэгдсэн e-business.mn системээр дамжуулан гар утас болон бусад төхөөрөмж ашиглан үйл ажиллагаагаа мэдэгдэж, шууд эхлүүлэх боломж бүрдэх юм.
Төрийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаа эхэлсний дараа холбогдох хяналт шалгалт, зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэх зохицуулалт хэрэгжинэ.
Энэхүү шийдвэр нь бизнес эрхлэх орчныг хөнгөвчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чухал ач холбогдолтой.