Улс төр

 УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа

By Onon Bayarsaikhan

April 28, 2026

Улсын Их Хурлаас аймгийн Тамгын газар, Эрчим хүчний яамтай хамтран Ховд аймагт зохион байгуулж буй “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэнд оролцохоор Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус аймагт ажиллаж байна. Энэ нь түүний Улсын Их Хурлын даргын хувьд орон нутагт хийж буй анхны томилолт юм.

Баруун бүсийн тулгуур төв-Ховд хотод Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг хүрэлцэн ирэхэд тус аймгийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан, Засаг дарга М.Амарсанаа болон Тамгын газрын удирдлагууд угтан авлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын тэргүүнээр сонгогдсонд нь аймгийн удирдлага түүнд баяр хүргэж, төрөлх нутаг орноо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, “Ховд аймгийн 100 эрхэм”-ийн нэгээр өргөмжлөв.

Чандмань сумын Тахилт баг ээжийнх нь нутаг бөгөөд аав нь энэ сум, нэгдлийн даргаар ажиллаж, Монгол Улсын 300 гаруй сумаас ажил үйлсээрээ тэргүүлсэн, шилдэг сум болгон, “Зил-130” машинаар шагнуулж байжээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт албан томилолтынхоо эхэнд өөрийн удамт нутаг, унасан газар ус, эцэг өвгөдийнхөө голомт болох Чандмань, Манхан сумдад зочилж, цаг үеийн нөхцөл, ажил байдалтай танилцан, иргэдтэй уулзалт хийлээ.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тус сумын сургуульд наймдугаар анги дүүргэсэн талаараа болон 10 дугаар ангид байхдаа эцгээсээ өнчирч үлдэхэд долоон хүүхэдтэй хоцорсон ээж нь 39-хөн настай байсныг дурсан ярьсан юм. Хүн хөдөлмөрлөж, тууштай зүтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлан чигч шударга байж гэмээнэ ямар ч бэрх хэцүүг даван гарч, зорьсон зорилгодоо хүрч чадна гэдгийг тэрбээр нутгийн залуус, дүү нартаа захив.

Мал сүргийн тоо толгой, нэг хүнд ноогдох малынхаа тоогоор аймагтаа тэргүүлж буй Чандмань сумын малчдын төл хүлээн авах их ажил 90 гаруй хувьтай, зүй бус хорогдолгүй явааг сумын Засаг дарга Б.Чинбат танилцууллаа. Жаргалант, Бумбат хэмээх хос хоёр Алтай, Хар ус нуур, Хар нуур, Дөргөн нуур хэмээх холбоо гурван нуураа түшиглэн, малчдын нөхөрлөлийн зохион байгуулалтаар аялал жуулчлал хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаа тэрбээр дурдав.

Чандмань, Манхан сумын иргэд нутгийн хүү Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд нь баяртай байгаагаа илэрхийлж, эв нэгдлийг ханган, Монгол төрийн тогтвортой бодлогын үндэс суурийг бэхжүүлж ажиллахыг захиж, Улсын Их Хурлын эрхэм чанар, нэр хүндийг өргөн, парламентат ёс, ардчилсан засаглалыг батжуулж, хөгжлийн тогтвортой бодлогыг тууштай хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.