“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт эхлэхэд 11 хоног үлдлээ. Энэ удаагийн марафонд 46306 хүн гүйхээр бүртгүүлээд байна. Иймд хагас болон бүтэн марафонд гүйгчдэд зориулан зөвлөгөө мэдээлэл хүргэж байна.
- Бэлтгэлээ урьдчилан хангаарай:
Марафонд оролцохоос өмнө тогтмол гүйлтийн бэлтгэл хийж, биеийн тэсвэрээ нэмэгдүүлэх нь чухал. Алсын зайд аажмаар дасгал хийж, биеэ гүйлтийн ачаалалд бэлтгээрэй.
- Тохиромжтой гутал хувцас сонгоорой :
Гүйлтийн гутал, хувцас нь таны гүйлтийн тав тух, гүйцэтгэлд шууд нөлөөлдөг. Бэлтгэлдээ өмсөж дассан, биед эвтэйхэн гутал, хувцсыг сонгоорой.
- Биеийн байдлаа хянаарай:
Гүйлтийн явцад хэт ядрах, өвдөх, толгой эргэх, зэрэг шинж илэрвэл хурдаа багасгах эсвэл түр амрах хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламжийн цэгт хандана уу.
- Ус шингэнээ тогтмол нөхөөрэй:
Гүйлтийн явцад биеийн шингэний тэнцвэр маш чухал. Маршрут дагуу байрлах усны цэгүүдээс тогтмол ус ууж, биеийн шингэнээ нөхөөрэй.
- Зөв хэмнэлээр эхлээрэй:
Гүйлтийн эхэнд хэт хурдан эхлэх нь богино хугацаанд ядраах эрсдэлтэй. Өөрийн бэлтгэлд тохирсон тогтвортой хэмнэлийг барих нь барианд амжилттай хүрэхэд тусална.
- Цаг агаарын нөхцөлд тааруулж бэлдээрэй :
Нартай өдөр гүйх үед нарны тос түрхэх, малгай өмсөх зэрэг нь биеэ хамгаалахад тусална. Цаг агаарын нөхцөлд тохируулан хувцаслах нь чухал.