Улс төр

Хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүдэд зориулсан сургалт, хэлэлцүүлэг боллоо

By Onon Bayarsaikhan

May 13, 2026

Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн батлах үйл явцад Улсын Их Хурлын Тамгын газрын хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүд чухал үүрэгтэй оролцдог.

Иймээс зөвлөхүүд нь тухайн хуулийн төслөөр зохицуулах эрх зүйн харилцааны онцлогийг гүнзгий ойлгож, хамгийн оновчтой зохицуулалтыг тодорхойлон, түүнийг хууль зүйн техникийн шаардлагад нийцсэн эх бичвэр болгон боловсруулах өндөр ур чадвартай байх шаардлагатай юм.

Энэ шаардлагын дагуу Улсын Их Хурлын Тамгын газар дотоод сургалтынхаа хүрээнд хуулийн төслийн эх барьж ажиллах зөвлөхүүдийг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалт, хэлэлцүүлгийг өчигдөр (2026.05.12) эхлүүллээ. Цаашид тогтмол зохион байгуулагдах уг арга хэмжээний эхний хичээл “Үндсэн эрхийн хязгаарлалт: Тохирсон байх зарчим” сэдвээр зохион байгуулагдлаа.

Үндсэн хуулийн эрх зүй болон хүний эрх судлалд салшгүй эрхээс бусад үндсэн эрхийг тодорхой нөхцөлд хязгаарлаж болно гэж үздэг. Гэхдээ ийм хязгаарлалт нь Үндсэн хуульд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэй, нотолгоонд тулгуурласан, хүний эрх болон нийтийн ашиг сонирхлын хоорондын тэнцвэрийг хангасан байх шаардлагатай.

Энэ утгаараа “Тохирсон байх зарчим” нь парламентын баталж буй хуулийн чанарыг сайжруулах, мөн хуулийн төслөөр үндсэн эрхийг хязгаарлах тохиолдолд түүнийг зөвтгөх үндэслэлийг тодорхойлох үндсэн арга зүй болж байгаа юм.

Улсын Их Хурал 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа үндсэн эрхийг хязгаарласан зохицуулалт бүхий хуулийн төсөлд “тохирсон байх зарчим”-ын дагуу үнэлгээ хийх шинэ зохицуулалтыг хуульчилсан.

Энэхүү зохицуулалт нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах аливаа хууль тогтоомжийн төслийг илүү үндэслэлтэй, нотолгоонд суурилсан байдлаар боловсруулах шаардлагыг хууль тогтоох үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлж буйгаараа онцлогтой.