Улс төр

“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн гарааны цагуудад өөрчлөлт орлоо

By Onon Bayarsaikhan

May 15, 2026

​​​​​​​“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт энэ сарын 23-нд зохион байгуулагдах бөгөөд энэ жил 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.

Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Ингэснээр замын ачаалал, гүйгчдийн урсгалыг илүү зохион байгуулалттай байлгах, аюулгүй байдлыг хангах боломжтой гэж үзсэн байна.

Бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас эхлэх бол 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт гараагаа авах юм.

Харин 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас эхлэх бол 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт стартлана. Түүнчлэн тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн 1.5 км-ийн төрөл 15:30 цагт эхлэхээр товложээ.

Мөн Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны орчмоос, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын орчмоос тус тус гарах юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гараанаас дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар болон чипийн мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөжээ.

Жил ирэх тусам оролцогчдын хүрээ тэлж буй “Улаанбаатар марафон” нь эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын томоохон спортын арга хэмжээний нэг болоод байна.

Энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдах тус марафоны энгэрийн дугаарыг үе шаттайгаар тарааж эхэлсэн. Тодруулбал, 5 км-ийн насанд хүрэгчдийн ангилал, 12-17 насны охид, хөвгүүдийн 5 км-ийн төрөл болон 1.5 км-ийн гэр бүлийн гүйлтийн энгэрийн дугаарыг тавдугаар сарын 8-21-ний өдрүүдэд нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор дамжуулан олгож байгаа аж.

Мөн оролцогчид заавал харьяа дүүрэгтээ очих шаардлагагүй бөгөөд өөрт хамгийн ойр байрлах дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос энгэрийн дугаараа авах боломжтой юм байна.

Харин 10 км, 21 км 095 метр болон бүтэн марафон буюу 42 км 195 метрийн ангиллын энгэрийн тэмдгийг энэ сарын 16-наас тараахаар болжээ.