Нийгэм

“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар улсын комисс ажиллалаа

By Onon Bayarsaikhan

June 17, 2026

Монгол Улс, БНСУ-ын Засгийн Газар хоорондын хамтын хэлэлцээрийн хүрээнд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй “Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн эхний ээлжийн 27 блок бүхий 2,042 айлын орон сууцны барилга, байгууламжийн ажил дуусч, “Нийслэлийн хяналт шалгалтын газар”-аас улсын комисс ажиллаа.

“Солонго 1,2” орлогод нийцсэн орон сууцны хорооллын төсөл нь нийт 5.002 айлын 66 блок байхаар төлөвлөгдсөн бөгөөд үлдсэн 2.960 айлын орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогын хүрээнд орлогод нийцсэн “Солонго 1,2” орон сууцны хорооллын төслийг өнгөрсөн 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү төслийг ХББОСЯ-ны захиалгаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг хорооллын байруудыг тусдаа угаалгын өрөөтэй, цонх нь гурван давхар шилтэй, шалны дуу чимээ тусгаарлагчтай, ашиглалттай дээвэртэй, домофон системтэй, нарны панелын системтэй, 2 болон 3 өрөөний сонголттой зэрэг дэвшилтэт технологиудаар хийссэн. Мөн хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоолыг тусад нь шийдсэн. Бүх барилгуудад нарны гэрэл жигд хүртээмжтэй тусах тал дээр анхаарч төлөвлөсөн. Угаалгын машин байрлуулах угаалгын өрөөг тусад нь гаргаж өгсөн нь онцлог болжээ.

“Солонго 1.2” төслийн хүрээнд баригдаж буй 5.002 айлын орон сууцанд иргэдийг хамруулахдаа “Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам”-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн цахимаар бүртгэж, сонгон шалагаруулалтыг 100 хувь цахимаар явуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын бүртгэл “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХ-ийн албан ёсны веб хуудас болох www.tosk.gov.mn цахим хаягаар явагдана