Улс төр

Унгарын OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ

By Onon Bayarsaikhan

June 29, 2026

Унгарын хамгийн том арилжааны банкуудын нэг болох OTP Банк Монгол Улсад салбараа байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн талаар Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудсаар мэдээллээ.

Тэрбээр “Дэлхийн санхүүгийн томоохон тоглогч Монголыг боломжийн зах зээл гэж харж байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд өгч буй итгэлийн бас нэг дохио юм. Өрсөлдөөн нэмэгдэх тусам үйлчилгээ сайжирч, санхүүгийн зах зээл илүү нээлттэй, олон сонголттой болно. Монгол Улс олон улсын хөрөнгө оруулалт, санхүүгийн урсгалыг татах шинэ шат руугаа алхсаар байна” хэмээн онцолжээ.

OTP Банк нь Унгарт төвтэй бөгөөд Төв болон Зүүн Европын бүс нутгийн томоохон банкны группүүдийн нэг юм. Тус банк нь Унгараас гадна Болгар, Словени, Хорват, Серби, Монтенегро, Албани, Молдав, Украин, Узбекистан зэрэг 10 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 17 сая гаруй харилцагчид санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ажээ.