НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд Ган тэсвэрлэх чадварын асуудлаарх сайд нарын хоёрдугаар хурлаар үргэлжилж байна.
2000 оноос хойш дэлхий даяар гангийн давтамж 30%-иар нэмэгдэж, хүний амьдрал, амьжиргаа, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байна.
Монгол Улсын хувьд нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж буй энэ үед эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, урьдчилан сэргийлэх чадавх, эрсдэлийн санхүүжилтийг бэхжүүлэх, ландшафтын усны хадгалалтыг сайжруулах шаардлагатай.
Монгол Улсын Засгийн газраас гадаргын усыг хуримтлуулах “Хөх морь” санаачлагыг дэвшүүлэн ажиллаж байна. Уг хөтөлбөр нь шар усны үер, зуны хур тунадасны илүүдэл усыг хуримтлуулах усан сан, хиймэл нуур, даланг байгуулж, гол мөрөн, булаг шанд, цөөрмийг сэргээх, говийн бүсийн ундны усыг хамгаалж, цэвэршүүлсэн ус ашиглаж, гүний усны менежментийг сайжруулах юм.