Спорт

Лос Анжелес 2028” Олимпын наадмын 6 сая гаруй тасалбар борлуулагдлаа

By Onon Bayarsaikhan

August 28, 2026

Тасалбар авах боломж хэрхэн үргэлжлэх вэ?

Drop 2 буюу тасалбарын хоёр дахь борлуулалтын үе шат болон Visa карт эзэмшигчдэд зориулсан урьдчилсан борлуулалт дууссаны дараа зохион байгуулагчид 2027 онд “түрүүлж авсан нь авах” зарчмаар дараагийн борлуулалтыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Мөн худалдан авалтын бүх хязгаарлалтыг цуцална.

“Лос Анжелес 2028” Олимпын наадам тасалбарын хоёр дахь борлуулалтын үе шатаа 8-р сарын 20-ны Пүрэв гарагт хаасан бөгөөд хоёр үе шатны нийлбэр дүнгээр олимпын тасалбарын борлуулалт 6 саяыг давсныг зохион байгуулагчид 8-р сарын 21-ний Баасан гарагт баталлаа.

Олон нийтэд тасалбар худалдан авах дараагийн боломж 2027 онд нээгдэнэ.

Энэхүү борлуулалт нь үлдсэн тасалбарын нөөцөөс хамааран түрүүлж авсан нь авах зарчмаар явагдана. Борлуулалт эхлэх яг огноог одоогоор зарлаагүй байна. Харин 2026 онд олон нийтэд зориулсан олимпын тасалбарын нэмэлт сугалаат борлуулалт дахин зохион байгуулагдахгүй.

Мөн худалдан авалтын хязгаарлалт цуцлагдана.

Эхний хоёр борлуулалтын үе шатанд нэг худалдан авагчид олимпын тэмцээний 12 тасалбар, мөн хөлбөмбөгийн тэмцээнд зориулан нэмэлт 12 тасалбар авах хязгаар тогтоож байсан. Харин 2027 оны борлуулалтаар энэ хязгаарлалтыг цуцалж, фенүүд Drop 1 эсвэл Drop 2 үе шатанд тасалбар авсан эсэхээс үл хамааран хэдэн тасалбар худалдан авахад дээд хязгаар тавихгүй.

Мөн илүү олон спортын төрөлд зориулсан тасалбарын нэмэлт нөөц худалдаанд гарна.

“Лос Анжелес 2028” Зохион байгуулах хорооны дарга бөгөөд ерөнхийлөгч Кейси Вассерман хэлэхдээ:

“Хоёр үе шатны борлуулалтын үеэр ажиглагдсан эрэлт нь дэлхий нийт “Лос Анжелес 2028” наадамд өндөр хүлээлттэй байгааг харуулж байна. Оролцсон бүх фендээ талархаж байна. Бид дөнгөж эхэлж байна. 2027 онд илүү их тасалбарын нөөц, илүү өргөн хүртээмж, дэлхийн хамгийн агуу спортын арга хэмжээний нэг хэсэг болох илүү олон боломжийг санал болгоно,” гэжээ.

2027 оны борлуулалтад өмнөх 2026 оны хоёр үе шатанд сонгогдсон эсэх, эсвэл тасалбар худалдан авсан эсэхээс үл хамааран бүх фен оролцох боломжтой. Энэ удаад сугалаанд бүртгүүлэх шаардлагагүй боловч худалдан авагчид “Лос Анжелес 2028” ID-тай байх шаардлагатай.