“Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөр нь зорилтот бүлгийн иргэдийг хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, тохирох ажил олгогч болон ажлын байртай холбох, ажлын байранд дагалдан ажиллуулах, менторын дэмжлэгтэйгээр тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжих боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хүн төвтэй, үр дүнд чиглэсэн байдлаар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Дагалдан ажиллаж, хөдөлмөрт шилжих нь” хөтөлбөрийн эхний жилийн хэрэгжилтийн үнэлгээний урьдчилсан үр дүнг танилцуулах, баталгаажуулах уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, хөтөлбөр хэрэгжүүлэгч болон менторын сургалт зохион байгуулагч байгууллагууд, ажил олгогч, ментор, хөтөлбөрийн оролцогчдын төлөөлөл оролцов. Талууд үнэлгээний гол ололт, хүндрэл, сургамж, зөвлөмжийг хэлэлцэж, нэмэлт нотолгоо болон цаашид хэрэгжүүлэх тэргүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Хүн төвтэй, шаталсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний туршилтын загвар эхний жилдээ бодит үр дүн үзүүлж, цаашдын сайжруулалтын чиглэлийг тодорхойлов.