Нийгэм

“Солонго 1, 2” төслийн цахим бүртгэлийг X/10-наас эхлүүлнэ

By Onon Bayarsaikhan

September 15, 2026

ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан өнөөдөр /2026.09.15/ түрээслээд өмчлөх “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны төсөл болон БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууцтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Солонго-1” төсөл нь Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын тогтоолтой учраас есдүгээр сарын 23-ний Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Түрээслээд өмчлөх орон сууцны цахим бүртгэлийг аравдугаар сарын 10-наас эхлүүлнэ. 14 хоногийн хугацаанд цахим сонгон шалгаруулалт явна. Шалгаруулалтад тэнцсэн айл өрхүүд ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс байрандаа нүүж орох байх.

“Солонго-1” орон сууцны 1м2-ын үнэ 4 сая 428 мянган төгрөгийн үнэтэй. Орон сууцны үнийг сайдын түвшинд нэмсэн асуудал байхгүй. Анх авсан зээлийн хүрээндээ хийгдсэн ажил.

“Солонго-1” төсөл 2022 оноос эхлэн хэрэгжсэн.  Уг төсөлд зорилтот есөн бүлгийнхнийг хамруулна. Түрээслээд өмчлөх юм. Урьдчилгаа төлбөрийг 50 хувиар бууруулах буюу 30 хувь шаардахгүйгээр 15 хувь болгоно. Зээлийн жилийн хүү 6 хувь байна.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Ногоон нуурт баригдсан 1008 айлын орон сууцны 756-г нь газраар солих гэрээтэй.  Энэ ажлууд явагдаж байна, ондоо багтаад айлуудыг оруулна. 256 айл нь түрээсээр явна. Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн иргэдийг хамруулахаар газрын үнэлгээ явж байна.  1008 айлын орон сууцанд газраа өгсөн айлуудыг оруулснаар гэр хорооллын газарт 8000 айлын орон сууц барих боломжтой болно” гэлээ.