НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (IOM) дахь Бельгийн Хаант Улсын Засгийн газрын агентлаг болон донор байгууллагын төлөөлөл өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурьшихад дэмжих” хөтөлбөрийн хүрээнд өмнөх онуудад хэрэгжсэн үйл ажиллагааны үр дүнтэй танилцах, цаашид Монгол Улсын иргэдийг амжилттай суурьшихад хамтран хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт зохион байгууллаа.
Уулзалтад Бельгийн Хаант Улсын Орогнол хүсэгчдийг хүлээн авах Засгийн газрын агентлагийн Ирээдүйн чиглэл хэлтсийн дарга Нилс Бэтенс (Nils Baetens), Эргэн суурьших үйлчилгээний дарга Катрин Дэграв (Katrien Degrauwe) мөн Бельгийн Хаант Улсын Люксенбург хот дахь ОУШХБ-ын Шилжин суурьшигчдыг хамгаалах хэлтсийн дарга Эви Вэрмулэн (Evi Vermeulen), Эргэн суурьших хөтөлбөрийн ахлах ажилтан Кэрэл Мичиэлс (Karel Michiels) нар оролцсон байна.
Уулзалтын үеэр хилийн чанад дахь Монгол иргэдийг эргэн суурьшуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлого, эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлд тогтвортой нэгтгэхэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ мөн “Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурьшихад дэмжих”, “Монгол диаспоро” зэрэг эргэн суурьшигчдад туслах хөтөлбөрийн хүрээнд тус ерөнхий газартай хамтран хийгдсэн бодит ажлын үр дүнг хуваалцлаа.
Цаашид эргэн суурьшигчдыг дэмжих урт, богино хугацааны хамтарсан цогц хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, эх орондоо ажиллаж амьдрахыг уриалж, идэвхжүүлэх олон талт нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах, цахим бүртгэлийн шилжилтийг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг бусад орны туршлагаас суралцуулах, сургаж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцов.
Эх орондоо эргэн суурьшигчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих олон нийтийг хамарсан нөлөөллийн арга хэмжээнд (хөдөлмөрийн яармаг, үзэсгэлэн) бусад орны Засгийн газар тийм ч оролцоотой байдаггүй, харин танай улсын Засгийн газар, салбарын яам, агентлагийн удирдлагуудын оролцоо, дэмжлэг маш сайн байдаг юм байна хэмээн донор байгууллагын төлөөлөгчид талархалтай хандаж байсныг онцолж байна.