Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох MiningWeek & MinePro 2026 олон улсын чуулга, үзэсгэлэн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан. Энэ удаагийн чуулганд Монгол, Австрали, БНСУ, ХБНГУ, БНХАУ зэрэг 15 орны 350 гаруй байгууллага, 20 мянга гаруй оролцогч, хөрөнгө оруулагч, зочин төлөөлөгч оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хөгжлийн чиг хандлага болон тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцсэн билээ.
Тэгвэл тус чуулга, үзэсгэлэнгийн хүрээнд уул уурхай, гадаад харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Зэсэн Богд Группийн удирдлагууд байр сууриа илэрхийлэв.
Тэд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн суурь болсон уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангаж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхээс гадна сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, экспортын орлогыг солонгоруулах нь хамгийн чухал болохыг онцлов. Зэсэн Богд Группийн зүгээс цаашид олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран хариуцлагатай, тогтвортой уул уурхайг хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах аж.