Улс төр

М.Мандхай: Сонсголыг эсэргүүцсэн гишүүд хуралдаа ирэхгүй хойшлууллаа

By Onon Bayarsaikhan

September 29, 2026

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Уг сонсгол өчигдөр эхэлсэн. Гэвч өнөөдөр ирц бүрдээгүй улмаас хойшиллоо. Сонсголд оролцогчид УИХ-ын гишүүдийг хуралдаа ирж ирцээ бүрдүүлэхийг хоёр цагийн турш хүлээв. Эцэст нь сонсголыг хойшлуулж байгааг Байнгын хорооны дарга мэдэгдлээ. 

Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай “Сонголд хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, УИХ-ын гишүүд, төрийн албан хаагчдад баярлалаа. Тэвчээртэйгээр хоёр цаг таван минут хүлээлсэнд талархал илэрхийлье. Та бүхнээсээ хүлцэл өчье. УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 31.1-т “Байнгын болон дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцно” гэсэн заалт бий. Байнгын хорооны 29 гишүүнээс 12 нь ирж 41.4 хувийн ирцтэй байлаа. Дараах гишүүд хуралдаа ирж ирцэнд орлоо.

1. А.Ундраа,

2. У.Отгонбаяр,

3. М.Мандхай,

4. Л.Мөнхбаясгалан,

5. Б.Бейсен,

6. Г.Ганбаатар,

7. С.Одонтуяа,

8. О.Амгаланбаатар,

9. С.Замира,

10. Ж.Бат-Эрдэнэ,

11. М.Ганхүлэг,

12. Р.Сэддорж.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан. Энэ мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан бэ гэдгийг улстөржүүлэхгүйгээр нээлттэй ярилцах байсан. Өнгөрсөн 157 хоногийн хугацаанд сонсгол зохион байгуулахаар есөн гишүүнтэй ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид ажилласан. Төрөөс санхүүжилт аваад сайн явж байгаа аж ахуйн нэгжүүдийг ярих байсан. Саар явж байгаа нь ч, санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн асуудлыг ч ярих байлаа. Гэтэл ирцэндээ орохгүй байгаа гишүүд сонсголыг хойшлуулж байна. Сонсголыг эхнээс нь хойшлуулах, болиулах саналыг нэр бүхий гишүүд гаргаж байсан. Өнөөдөр ирцийг албаар бүрдүүлэхгүй байх сонирхол зарим УИХ-ын гишүүдэд байна гэж хардаж байна” гэлээ.