Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж буйгаас шалтгаалан эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгджээ. Ялангуяа хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал эрс нэмэгдсэн байна.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2249 болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад даруй 56.72% нэмэгджээ. Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж буй. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.79% өссөн байна.
Томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байгаа тул эрсдэлтэй бүлгийн иргэдийг гэрээр эргэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, хяналтыг нэмэгдүүлэх, өдрийн эмчилгээний тусламжийг өрхийн эмнэлгээр зохион байгуулах арга хэмжээ авч буй. Өрхийн эмнэлгүүд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн ажлын өдөр 20:00, амралтын өдөр, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллахаар болоод байна.
Ташрамд дурдахад сүүлийн гурван жилийн дунджаар томуугийн дэгдэлтийн хамгийн оргил үе нь 11 дүгээр сарын 19-24-нд байгаа юм. Иймд олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, дулаан хувцаслаж, өрөө тасалгаандаа агаар сэлгэлт хийх, дархлаагаа дэмжих зэргээр томуугийн халдвараас сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.