Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид мазаалай баавгайд зориулсан намрын биотехникийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус ажлын хүрээнд байгаль хамгаалагчид тав хоногийн хугацаанд нийт 1,250 км зам туулж, 38 мазаалайд зориулан нэмэлт тэжээлийн саванд 3.6 тонн тэжээл байршуулсан байна.
Мазаалайд зориулсан нэмэлт тэжээл нь багсармал болон шахмал гэсэн хоёр төрөлтэй. Үндсэн орцод эрдэнэ шиш, овьёос, шар буурцаг, шар тос, яс зэрэг бүтээгдэхүүн багтдаг бөгөөд нийт найрлагын 20 орчим хувийг уураг эзлэхээр тооцдог аж.