Эрэн сурвалжлах

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянажээ

By Onon Bayarsaikhan

November 06, 2026

Авлигатай тэмцэх газрын хуульд заасан нэг үндсэн чиг үүрэг нь нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянах үйл ажиллагаа бөгөөд ХАСУМ-ийн хяналтыг бүрэн цахимжуулж, нэр дэвшигч нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэхийг хянаж, хариуг томилох байгууллага, албан тушаалтанд цахимаар мэдэгдэн ажиллаж байна.

2026 оны эхний 11 сарын байдлаар нийтийн албанд шинээр томилогдох, албан тушаал дэвшин томилогдох, шилжин томилогдох, албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдох зэргээр нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянасан байна. Тус газрын хяналтаар тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд “илт ашиг сонирхлын зөрчил үүсэх” нийт 166 нэр дэвшигчийн талаарх дүгнэлтийг томилох  эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэний дийлэнх хувийг нутгийн захиргааны  байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд томилогдохоор нэр дэвшсэн удирдах албан тушаалтнууд эзэлж байна.

Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүтээмж, хөгжлийн албаны дарга, ХАБЭАБХ-ийн уурхай хариуцсан албаны дарга, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Уул уурхай, технологийн хэлтсийн менежер, “Улаанбаатар зам засвар арчлалтын газрын Авто баазын дарга, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Өгөгдлийн сангийн ахлах инженер, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хяналтын улсын байцаагч, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Ойн ангийн дарга, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн дарга зэрэг албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч нар байсан байна. Мөн хугацаанд тухайн албан тушаалд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүй томилсон 16 эрх бүхий албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцууллаа.

Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх үүрэг хүлээдэг бөгөөд цаашид нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг ил тод нээлттэй явуулах, удирдах албан тушаалтны манлайллыг дээшлүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж өгч, хяналт тавин ажиллаж байна.