“Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй “Ажил турших хөтөлбөр”-ийг 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд анх удаа цахимаар танилцуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шинэчлэлийг эрчимжүүлж, 2026 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөр олон талт хөтөлбөр, төслийг хэлэлцүүлэн батлуулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна.
Тухайлбал, ажлын байранд хүний нөөц бүрдүүлэх шинэ шийдэл нэвтрүүлэх, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Япон Улсын туршлагад суурилсан загвар төслийг 2023 оны 5 дугаар сараас эхлэн нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Дундговь, Орхон аймагт туршин хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд нийгмийн түншлэлийг бэхжүүлж, тодорхой үр дүнд хүрээд байна.
“Ажил турших хөтөлбөр” нь Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн ажил турших арга барилаар дамжуулж АЖИЛ ХАЙГЧ, АЖИЛ ОЛГОГЧ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА, ТӨР олон талуудын оролцоог хангасан нийгмийн түншлэлийн шинэлэг загварыг нэвтрүүлж байгаагаараа онцлог юм.
Цаашид ажил олоход хүндрэлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангахын тулд нийгмийн түншлэл, орон нутгийн оролцоог нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг сайжруулах нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулахын зэрэгцээ 2027 онд төслийг аймаг, дүүргүүдэд туршин нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.