Эрчим хүчний зохицуулах хорооны дарга л “болгоод” өгвөл бусдыг нь “ЧАДЫШ ДЭЭ” гэсэн хүн энэ намар хүслээ гүйцээжээ. Цагтаа Ч.Хүрэлбаатарыг сайд байхад туслах явсан, сүүлд Т.Доржханд, Б.Найдалаа нарын зөвлөх болж тоглож үзсэн Л.Жамбаа Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар өргөмжлөгдсөн нь үнэн. Яахав туслах нь биш, зөвлөх нь юмаа.
2024 оны өвөл Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр гэр хорооллын айл өрхийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг 220 В-ын сүлжээнд 700 КВт байсныг 1500 КВт, 380 В-ын сүлжээнд 1500 КВт байсныг 3000 КВт болгон нэмэгдүүлж, мөн мөрдөх хугацааг сунгаж, 21:00 цагаас 06:00 цаг байсныг 09:00 цаг болгож байсан. Тодруулбал, айл өрхийн хэрэглээг нэмэгдүүлж, хугацааг сунгаж өгсөн гэсэн үг. Тухайн үеийн Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд тайлбарлахдаа Улаанбаатар хотод 23 мянган айл, өрх цахилгаанаар халаалтаа шийдсэн. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой тул ийнхүү иргэдэд үзүүлэх хөнгөлөлтийг нэмэгдүүлж байна гэж тайлбарлаж байлаа.
Энэ шийдвэр нь гэр хорооллын айл өрхөд цагаа олсон дэмжлэг болсон нь гарцаагүй. Бас тухайн үед үнэ тариф нэмсэнтэй холбоотой “зөөллөсөн” шийдвэр байж ч магадгүй. Аль нь ч байсан зорилтот бүлэгтээ бол хэрэг болсон. Ард түмэндээ ч, агаарын бохирдолдоо ч.
“Чадыш дээ” гэж сайддаа шивнэсээр, саяхан дарга болсон Л.Жамбаа дээрх шийдвэрийг өөрчилж, айл өрхийн хэрэглээний түвшинг бууруулахаар шийдвэрлэж амжжээ.
Шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө хаанаас гардаг вэ. Шууд эрчим хүчний салбарын алдагдал болдог уу. Бодоод үзье. Гэр хорооллын хөнгөлөлтийн мөнгийг тухайн жилийн улсын төсөвт суулгадаг. Төсвөөс эрчим хүчний салбарт төлдөг. Энэ талаар холбогдох албаны хүмүүс ярилцлага, мэдээлэл ч өгч байжээ.
Үнэхээр төрөөс өгч байгаа мөнгө нь дутаад алдагдалд ороод байгаа бол үнэнээ “улайгаад” төсөв дээр нэмээд л суулгахад болно.
Төсвөөр, татаасаар энэ салбарт мөнгө суулгасаар байхад ХҮН намын хийрхэл хэрээс хэтэрч байна. Засагт хамтарснаараа эрчим хүчний салбарыг намын шошготой ажилгүй хүмүүсээр дүүргэж “хумслаад”, мэргэжилтэй чадварлаг хууччуулыг манай намд элс гэж дарамтлаад, ТӨСӨВ, ТАТААС, ТӨСЛИЙГ “хулгайлаад, хумслаад, хутгаад” эхэлснийг салбар доторх боловсон хүчнүүд дуу нэгтэй баталж байна.
Хүйтний улирлыг хүндхэн давдаг Монгол оронд дулаан үйлдвэрлэдэггүй сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг ХҮН намын гишүүнчлэлтэй, докторын гэрчилгээтэй “ОНОМ” сангийн тэргүүн гэх мэт хүмүүс шахаж, өдгөө Эрчим хүчний зохицуулах хороог эзэгнэн, эзлэнхэн сууна.
ХҮН нам эрчим хүчний салбарыг бүхэлд нь гартаа авлаа.
Саяхан даа, Т.Доржханд сайд хэвлэлээр манай нам халаа солио хийгээгүй, Л.Жамбаа бол эрчим хүчний сор мэргэжилтэн, М.Энхцэцэг гишүүн англиар мэтгэлзэх хэрэгтэй гэж итгэлтэй бөгөөд ичгүүргүй ярьсан.
Монгол хүмүүс англиар мэтгэлцчихвэл эрчим хүчний хомсдол нь арилаад, чадлын дутагдал нь дүүрээд, бүүр асгараад нөгөө шадар сайдын өөрийнх нь хэлдгээр экспортолчих гээд байдаг юм болов уу. Сайдын сэтгэц, мэдрэл гайгүй байгаа…
Тэгвэл Т.Доржхандын англиар мэтгэлцүүлнэ гээд урдаа бариад байгаа Л.Жамбаа гэж хэн бэ.
Л.Жамбаа нь 2008 онд МУИС-ийг физикч мэргэжлээр төгссөн, өөрийгөө инженер гэж танилцуулдаг эрхэм байна. Анкет дээрээ 2008-2009 онд ЭХЯ-нд мэргэжилтэн гэсэн боловч судлаад үзэхээр 2008 онд Ч.Хүрэлбаатар гишүүнийг сайд байх хугацаанд сайдын туслахаар хэдэн сар ажилласан. 2009-2012 онд Эрчим хүчний газарт мэргэжилтэн гэдэг нь эргэлзээтэй. 2014-2015 онд Эрчим хүчний яаманд судлаач инженер гэсэн байна. Гэхдээ Яаманд судлаач инженер гэдэг албан тушаал байдаггүй гэх мэт олон эргэлзээтэй зүйлсээр намтраа баяжуулжээ. Л.Жамбааг салбарын хүмүүс нь эрчим хүчинд мэргэжлийн бус, үйлдвэрт ажиллаж байгаагүй, станц руу ороод зуух, турбинээ ч ялгаж танихгүй хүн ЭХЗХ-г удирдан салбарынханыг “даажигнаж” байгаа талаар ил тод ярьж байна.