Гол мэдээ

Худалчууд хойморт заларч буйн жишээг үлгэрлэн харуулагч Л.Оюун-Эрдэнэ

By Onon Bayarsaikhan

December 03, 2018

 

Цөвүүн цаг ирэхэд өнгө мөнгөнд хавчигдаж хууль үгүй болно

Хавар намарт хавчигдан зун үгүй болно

Хурц сийрэг хэлтнээ цэцэн мэргэнд өргөмжлөнө

Хилэнцэт муу хүнийг баатар мэт тахина

Номтой бүхэн нохойноос дорд үзэгдэнэ

Үнэнч хүн хог шүүрдэж худалч хүн хойморт заларна хэмээх үгийг уншигч та дуулсан л биз. Монголчууд бид цөвүүн цагийг туулж байна. Хэн нь хэн бэ, гэдгийг таньж мэдэх далай тэнгисийг салаар туулахтай адил болж. Өнгөрсөн өдрүүдэд эрх баригч хүчнийхэн жинхэнэ булайгаа чирч, булайгаа дэлгэцгээв. Харин эдгээрээс шударга ёсны малгай өмсчихөөд хөөрч яваа хүн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ юм.

 

Тэгвэл түүний тухай таагүй мэдээ өнгөрсөн өдрүүдэд цахим орчинд тархаад байна. Тодруулбал, уншигч та одоогоос зургаан жилийн өмнө буюу 2012 онд Оюун-Эрдэнэтэй холбоотой залилангийн хэрэг дуулиан тарьж байсныг санаж байгаа байх. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ 2012 онд тухайн үеийн МАН-ын дарга байсан Ө.Энхтүвшингийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж “Tysons college” компанийн захиралд “Leadership management” семинар зохион байгуулах тухай албан бичиг явуулжээ. Улмаар МАН-аас тус байгууллагад 8200 ам.доллар шилжүүлсэн байна. Дээрх мөнгийг сургалт семинарын бэлтгэл ажлын төлбөр болон Л.Оюун-Эрдэнийн “Georgetown university center for education and development”-д суралцах хэлний курсын хураамжийг төлсөн байна. Гэвч Л.Оюун-Эрдэнэ болон түүний авчирсан бусад 30 хүн сургалт семинарт хамрагдалгүй Майами, Лас Вегасаар зугаалаад буцсан байна. Харин өмнө нь МАН-аас шилжүүлсэн 8200 ам.долларыг Л.Оюун-Эрдэнэ АНУ-д “Tysons college”-ийн төлөөлөгчөөр ажилладаг М.Ариунбатаас “Би сургалтад хамаагүй. МАН-ын биш, миний мөнгө байсан юм” гэж нэхсэн юм байна. Улмаар шүүхээр заргалдах явцдаа өөрөө буруутай нь тогтоогджээ. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ “сэтгэл санааны хохирол, нөхөн олговор” хэмээн М.Ариунбат болон “Tysons college”-ийн Ерөнхийлөгч, доктор Mехди Бaнaйгаас тус бүр 500 мянган ам.доллар, нийт нэг сая ам.долларыг шүүхээс нэхсэн ч шүүх түүний нэхэмжлэлийг нь буцааж, М.Ариунбат болон “Tysons college”-ын талд шийдвэр гаргаж байсан түүхтэй.

 

Гэтэл одоо тэрбээр цэцэн мэргэний дүр эсгэн хойморт залраад байна. Үнэхээр хэн нь хэн бэ гэдгийг танихад бэрх цөвүүн цаг иржээ. Цөвүүн цагийн өнгөнд залуу улстөрчид яваад харамсах сэтгэгдэл төрж байгааг нуух юун. Тухайн үеийн МАН-ын Хяналтын хорооны баримтыг хавсаргая. Энэ тухай бүх баримт байгаа шүү. Та бүхэн нэгийг бодож хоёрыг ТУНГААНА БИЗ ЭЭ.

 

 

 

П.Ундрам