2012 оны УИХ-н сонгуульд МАХН-с жагсаалтаар сонгогдож, Барилга хот байгуулалтын яамны сайдаар 2014-2016 онуудад ажилласан З.Баянсэлэнгийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашигласан, улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн багагүй хугацаанд шалгажээ.
Уг хэргийг шалгаж дуусаад прокурорын байгууллагад З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шилжүүлсэн байна.
З.Баянсэлэнгэ нь Барилга хот байгуулалтын яамны сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын хэрэгжүүлсэн Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд ашиглалтанд ороогүй 223 айлын орон сууцыг улсад худалдан авсан. Ингэхдээ дундаас нь их хэмжээний мөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж, прокурорт хэргийг шийдүүлэхээр өгсөн байна.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар бол Бэрэн группийн барьсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хангай хотхоны 223 айлын орон сууцыг Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгэ нь шийдвэр гарган улсад худалдан авч, түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглах болсон байна.
Бэрэн группийн барьж байсан уг байрнаас улсын худалдан авсан 223 айлын орон сууц нь өнөөдөр бүрэн ашиглалтанд орсон. Түрээслэгч нар нь байрандаа орсон.
Ч.Сайханбилэгийн засгийн газрын хэрэгжүүлсэн түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймаг сумдад 1500 айлын орон сууцыг уг зориулалтаар ашиглахаар болсон билээ.
Барилга хот байгуулалтын яамны сайд асан З.Баянсэлэнгэ нь 223 орон сууцыг худалдан авахдаа 900 сая төгрөгийн хохирлыг улсад учруулаагүй гэж мэдэгдэж байгаа юм. Тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх эсэхийг прокурорын байгууллага эцэслэн шийдэх юм.
Дашрамд дурдахад уг хэрэгт мөн шадар сайд асан Ц.Оюунбаатарыг нэр холбогдуулан шалгаж байгаа юм байна.