Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар мэдээлэл хийлээ. Дэлхий нийтэд 50 сая гаруй хүн коронавирусийн халдвар авсан бөгөөд сүүлийн 24 цагийн хугацаанд 411 мянган хүн шинээр халдвар авч, 6 мянга гаруй хүн нас барсан байна. Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид арваннэгдүгээр сарын 6,7,8-ны сүүлийн 3 хоногт 1816 хүнд шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрсэн. Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн /31 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 39 настай эрэгтэй, 48 настай эрэгтэй, 48 настай эмэгтэй/, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд илэрсэн 29 настай эрэгтэй, арваннэгдүгээр сарын 7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос илэрсэн ОХУ-ын ирэн 59 настай эрэгтэй. Халдвартай ОХУ-ын иргэнийг 2 тал ярилцаж тохиролцоод нутаг руу нь буцаасан байгаа. Арваннэгдүгээр сарын 8-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолоочоос шинжилгээ авахад коронавирус илэрсэн, 56 настай Беларус улсын иргэн, 52 настай эрэгтэй МУ-ын иргэн. Аравдугаар сарын 17,18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн гурван жолоочийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн. Гурвуулаа Монгол Улсын иргэн 30,31,33 настай эрэгтэй. Халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан 5 ажилтанг тусгаарлан хянаж байгаа бөгөөд эхний шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй байна. Сайн дурын 56 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор хийсэн 7 хүний шинжилгээ сөрөг гарсан. Дөрвөн хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжсэн. Энэ нь 36 настай эрэгтэй, 42 настай эрэгтэй ОХУ-ын 2 иргэн, мөн 25 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй МУ-ын иргэд байна. Нийт батлагдсан тохиолдол 368 болсон, 317 хүн эдгэрсэн /88.0 хувь/. Нийт ажиглалт тандалтын хугацаа дууссан 308 хүн, гэрийн ажиглалтад 4 хүн байна. ХӨСҮТ-д 49 хүн эмчилгээнд байна, 41 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр, 1 хүн хүнд гэсэн үнэлгээтэй байна” гэв.