АН дүрмээ дагаж, УИХ-д сул гишүүд бий болох уу

АН хамтарсан засгаас хөөгдөх гол шалтгаан нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ч.Лодойсамбуу, Д.Ганбат, Ш.Бямбасүрэн нар.
МАН-ын Бага хурлын гишүүдийн үзэж байгаагаар “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улстөрийн дүгнэлт хийгээд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улстөрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд хамтарч ажиллах гэрээг зөрчсөн удаа дараа зөрчсөн” гэж үзсэн.
Үнэхээр дээрх нэр бүхий гишүүдийн хувьд Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, сөрөхдөө гарамгай байсан. Бүр цаашлаад “Огцрох, амархан” жагсаалын үеэр гарын үсэг зурснаа бахархалтайгаар илэрхийлж, бусдыгаа ч уриалсан.
Тэд ийн байр сууриа илэрхийлж байна гэж дураараа дургиснаар намаа засгаас хөөлгөж, өөрсдөө намын гишүүнчлэлийн бүртгэлээс хасагдахдаа тулж байна.
Учир нь, АН-ын дүрэмд гишүүнийг “ХӨӨХ” тухай байхгүй ч намын гишүүний бүртгэлээс хасах асуудлаар Дотоод хяналтын хорооноос ажлын 5 хоногт багтаан дүгнэлт гарган шийдвэрлэнэ гэсэн байдаг.
Мөн дүрмийн 3.9.1.18-д “Бүх шатны намын байгууллагын хурлын болон УИХ, ИТХ дахь намын бүлгийн шийдвэрийг зөрчин өрсөлдөгч нам олонхыг нь бүрдүүлсэн УИХ болон ИТХ-ыг тараах, Засаг дарга болон ЗГ-ыг огцруулах тухай АН-ын шийдвэрийн эсрэг үйлдэл, эс үйлдэл гаргасан” бол гэж заажээ. Тэгэхээр АН-ынхан дүрмээ дагавал нэр бүхий таван нөхөр АН-ын бүртгэлээс хасагдаж сул гишүүд болох нь ээ.
Эх сурвалж: erennews.mn