Замаа барьж чадахгүй бол зайгаа тавьж өг

Аливаа улсын нийслэл нь хамгийн олон хүн ам суурьшдаг, улстөрийн болоод соёл, нийгмийн хамгийн төв цэг болохынхоо хувьд аюулгүй, эрсдэлгүй, амар тайван байхын тулд стандарт хэм хэмжээг чанд баримталдаг.

Хэрэвзээ стандартыг мөрдөхгүй бол ямар их хохирол учирч болохыг өчигдөр болсон хэсэгхэн зуурын шороон шуурганаас харж болно. Хэдийгээр байгалийн гамшигт үзэгдэл нүд ирмэхийн зуур болоод өнгөрөх ч хамгийн их хүн холхидог төв талбай дээрээ төмөр хийцлэл бүхий байгууламжийг буулгаж байхдаа наад захын стандартыг мөрдөөгүйгээс дээрх осол болж, дөрвөн хүн хүнд хөнгөн бэртлээ.

Хүний хөдөлгөөн сийрэг үеэр хамгаалалтын тор татаж байгаад хийх ёстой ажлыг хүн зон олноороо хөлхдөг үеэр боолтыг нь суллаж орхисон байснаас үүдэж, хүний амь эрсдэхээ дөхөв. Боолтыг нь суллаж орхисон хүмүүст бус байгалийн үзэгдэлд буруугаа тохоод өнгөрөх бололтой.

Энэ хавар зунжингаа л нийслэл хотын өнгө төрхийн хэм хэмжээ алдагдаж, төв талбай нь төв зах боллоо гэж түмэн хүн шүүмжилж байхад нүдэн балай, чихэн дүлий явсан Х.Нямбаатараас болж, гэмгүй хүмүүс гэмтэж бэртлээ.

Хэдхэн хоногийн өмнө болсон хорин минутын ширүүн бороонд хорин жилийн баталгаа өгөөд байсан гантиг бродюр нь урсч, эвдэрч хэмхрэв. Борооны ус зайлуулах шугамаа биш бродюраа эхэлж хийсний гайгаар 3,9 тэрбумын өртгөөр хийсэн ажил эвдэрч сүйдэв.

Анхнаасаа стандарт зүйл хийх ёстой, түүнд хяналт шалгалт тавих ёстой Нийслэлийн захирагч Х.Нямбаатар, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар буруугаа бороо руу чихэж, уснаас хуурай гарахыг оролдов. Ажил сайжруулах нэрээр ирсэн албан тушаалтнаа өнөөдрийг хүртэл жинхлэхгүй, түр орлон гүйцэтгэгчээр байлгаж байгаагийн цаана ямар эрх мэдэл, ямар хуйвалдаан явж байгааг таах аргагүй.

2040 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөөнд 200 их наяд төгрөг зарцуулна гэсэн тооцоо гаргаснаас харахад идэх мөнгө нь чухал болохоос их хотыг хөгжүүлэх бяр нь дутагдаад байгааг эрхбиш ойлгодог ч болоосой. Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн алдаршиж байсан нийслэл хот маань Х.Нямбаатарын өмсдөг саарал хүрэм шиг л зэвэргэн хүйт даасан хүндээ ээлгүй хот боллоо.

“Бродюрын мафи” хэмээн нэрлэгдэх болтлоо нийслэлийн хөрөнгөөр туйлж буй Х.Нямбаатар, Б.Одбаяр нарын “ходоод” хэмжээгүй байж болох ч улсын төсөв улайж эхэлдгийг санахад илүүдэхгүй. Замын стандарт, хэм хэмжээг огт баримтлахгүйгээс болж ар араасаа олон асуудал үүсээд байхад Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр гэгч занхайсан нөхөр зурагтны дэлгэц дүүргээд явах нь өрөвдмөөр.

Хэдхэн хоногийн өмнө тавьсан замаар нь машин багтахгүй гацаж, өндрийн хэмжээ тавиагүйгээс болж автобус нүхэн гарцанд гацаж, борооны ус зайлуулах шугамаа хийгээгүйгээс болж бродюр эвдэрч байхад буруугаа хүлээхгүй байгаа хүний толгойг хэдий болтол илж өөгшүүлэх вэ, Х.Нямбаатар аа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.