Германы жуулчинг зодож, дээрэмдсэн хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу наймдугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Герман улсын иргэнийг үл таних морьтой хүн зодож дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан цагдаагийн байгууллагын алба хаагчид алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжлах, сэжигтэй этгээдийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулжээ. Ингээд гадаад улсын иргэний биед хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Б гэгчийг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, хувь хүн Та гадаад улсын иргэдийг манай улсад зорчих хугацаанд тэдний аюулгүй байдалд анхаарч, аливаа гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


