Төв цэгт 50 давхар сүндэрлэж, Хотын дарга үглэсээр үлдэх нь…

Хотын төвд, Монгол шуудангийн чанх урд 26 давхар Эко интернэйшнл тауэр баригдаж, аль хэдийн ашиглалтад орчихсон. Яг хажууд нь дахиад 50 гаруй давхар өндөр барилга сүндэрлэж, өдгөө 22 дахь давхрынхаа карказыг босгож байна.
Гэтэл Хотын дарга нар маань 40, 50 мянгатад 6-гаас дээш давхар барилга бариулахгүй гэдэг хоосон үгээ чалчсаар л сууна.
Дөнгөж өчигдөрхөн Хотын дарга Х.Нямбаатар “40, 50 мянгатын байруудыг буулгаж, эхнээсээ 16-20 давхар барилгууд барьж байна. Хотын төв хөрөөний ир шиг янз бүрийн өндөртэй барилгуудаар дүүрлээ. Тиймээс Их тойруу, Бага тойруу дотор долоон давхраас дээш өндөртэй барилга бариулахгүй.” гэж мэдэгдсэн.
Түүний өмнө Д.Сумъяабазар Хотын дарга байх үедээ 2022 оны гуравдугаар сард “Хотын төвд зургаан давхраас өндөр барилга бариулахгүй” л гэсэн.
Харамсалтай нь, тамгаа солилцож, дараалан Хотын дарга хийж байгаа МАН-ынханд “Эко” С.Нямдаваад шаардлага тавих зүрх, зориг нь хүрдэггүй бололтой.
Тиймээс л анх 6 давхар нийтийн зогсоол гэж байсан барилга өнөөдөр The Ritz-Carlton зочид буудал гэж байна.
Мэдээж хотын төвдөө дэлхийн хэмжээний сүлжээ зочид буудал сүндэрлүүлэх нь нэр төрийн хэрэг.
Гэхдээ Хотын дарга нарын шийдвэр мөнгөтэйн өмнө хүчин мөхөстөж, иргэн, аж, ахуйн нэгжүүдэд ялгавартай хандаж болохгүй.
Яг нэг жилийн өмнө Хотын дарга Х.Нямбаатар тухайн барилгын талаар “Шүүхийн шийдвэртэй. Эхний удаад шүүх дээр тэднийх ялсан. Нэлээд эрт барилгын зөвшөөрөл олгосон юм билээ. Бид судалж байгаа. Дахиад дараагийн шатны шүүхэд өгнө” гэж ярьж байсан.
Харин өнөөдөр “Эко” С.Нямдаваагийнхаа өмнө хэрхэхээ мэдэхгүй байсаар хос барилгынх нь 22 давхар босчихлоо.

Магадгүй Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нараас ч өмнө барилгын зөвшөөрлийн асуудал яригдсан байх. Гэсэн ч шаардлагатай нөхцөлд зөвшөөрлийг эргэн харж цуцалж, тохиролцож, нураах шийдвэр гаргаж болдгийг бид сүүлийн хэдэн сар харж байгаа. Харин яагаад “Эко” С.Нямдаваа л ийм эрх мэдэлтэй байсаар байна вэ. МАН-ын гишүүн гэхээр магадгүй илүү эрхээр хүссэн газраа барилга бариад явна уу.
Эх сурвалж: ERENNEWS.MN


