Гадаад улсаас “ТЕЛЕГРАМ” орчинд иргэдийг залилдаг 7 этгээдийг илрүүлж, дайчлан баривчиллаа

Гадаад улсаас “Телеграм” орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас илрүүлж, дайчлан баривчилсан талаар Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Манай улс руу чиглэн “Телеграм” аппликэйшн ашиглан үйлдсэн эзэн холбогдогч нь тогтоогдоогүй залилах гэмт хэрэг 2024 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 1,362 бүртгэгдэж иргэдэд 31.4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Тиймээс “Телеграм” орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс болгоомжилж ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх, интернэт банк, цахим хэтэвчээ бусдад ашиглуулахгүй, хувийн мэдээллээ өгөхгүй байхыг сэрэмжлүүллээ.
Гэмт этгээдүүдийг илрүүлэн баривчилсан талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах мэдээллийг хүргэсэн юм.
Тэр “Телеграм орчинд иргэдийг залилдаг долоон этгээдийг дайчлан баривчилсан. Урьдчилсан байдлаар үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэж, уг бүлгийн аргачлал заавраар гадаад улсаас манай улсын иргэд рүү энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа Монгол Улсын иргэн О нарын долоон этгээдийг дайчлан баривчилж, есдүгээр сарын 2-ны өдрөөс нэр бүхий таван этгээдэд яллагдагчаар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шалгалтын явцад нэр бүхий иргэдийн байрлаж байсан орон байранд нэгжлэг хийж, гар утас техник хэрэгсэл, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хураан авч, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас нэг жилийн хугацаанд баримтжуулж, гадаад улсаас энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа дээрх бүлэг этгээдийг олж тогтоон дайчлан баривчилсан. Цаашид үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэгт элсэн гадаад улсаас манай улсын иргэд рүү чиглэн гэмт хэрэг үйлдэж байгаа Монгол Улсын нэр бүхий этгээдүүдийг олон улсад эрэн сурвалжилга зарлан, Монгол Улсад албадан ирүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа” гэж хэллээ.


