Хохирогчийн хүү: Манай ээж Н.Энхбат гэж хүнд хараалгуулж, гэр орноосоо хөөгдөж, тайван бус амьдарсаар насан эцэслэлээ

“Gem mall” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж хөнөөсөн Н.Э-д холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан явагдаж байна.
Энэ үеэр хохирогчийн хүү Э.Д-гийн мэдүүлгийг танилцууллаа. Хүү “Манай гэр бүлд аз жаргалтай өнгөрүүлсэн, гэр бүлийн халуун дулаан мөч гэж намайг төрснөөс хойш байгаагүй. Аав намайг алгадаж, ширээ булан мөргүүлж, хараалын үгээр доромжилдог байсан. Манай ээж зөөлөн зантай тайван хүн байсан. Манай ээж Н.Энхбат гэж хүнд хараалгуулж, гэр орноосоо хөөгдөж, тайван бус амьдарсаар насан эцэслэлээ” гэжээ.
Харин шүүгдэгч Н.Энхбат “Би эхнэр, хүүхдүүддээ өөрөөсөө илүү хайртай. Манай гэр бүлийн хүн 2014 онд хүчирхийллийн төвд хандаж байсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэдгийг зөвхөн гар хүрэх гэж буруугаар ойлгодог байжээ. Хардаж, сэтгэл санааны дарамтад оруулах ч бас хүчирхийлэл юм байна. Би хоёр хоног нойргүй яваад сэтгэл гутралд орсон байсан. Эхнэрийнхээ амийг хөнөөсөн хутга бол бид хоёрын хамт цайгаа уухдаа хэрэглэдэг байсан хутга. Тухайн үед би юу хийж байгаагаа мэдэхгүй байсан. Би хүүдээ гар хүрч байгаагүй. Хүүгээ ганц л удаа алгадаж байсан. Яагаад тийм мэдээлэл өгснийг нь мэдэхгүй” гэв.


