“Таван богд”-ын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайханыг Бангкокоос баривчилжээ

Хөрөнгө мөнгөөрөө толгой цохидог ч хүн чанар, ёс суртахуунаа уландаа гишгэсэн “Таван богд”-ын захирал Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан бусдыг онц хэрцгийгээр зодчихоод, хил даван зугтаагаад байсан. Цагдаагийн байгууллага Олон улсын Интерполтой хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан бөгөөд Б.Амарсайханыг Бангкокт байхад нь саатуулсан байна. Түүнийг тун удахгүй эх оронд нь авч ирэхээр төлөвлөжээ.
Б.Амарсайханы хувьд наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт байрлах “Cante”, “Zu” шөнийн клубийн гадна УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн нартай хамт бусдын биед халдаж, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан.
Гэвч Б.Амарсайхан нь зодооны хэрэг олон нийтэд ил болмогц “найз охинтойгоо уулзах” нэрээр хил даван БНСУ-ыг зорьсон гэж байв. Гэхдээ түүнийг Тайландын Бангкокоос баривчилсан. Харин бусдыг нь хуулийн байгууллагаас баривчлан саатуулаад байв.
“Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг гэх Б.Амарсайхан нь тухайн асуудлаас хойш эх орондоо ирэхгүй байсан төдийгүй компани нь ч статусаа өөрчлөөд байсан юм.


