МУГТ Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсийн төлөө тулалдана

Мэргэжлийн боксод мөрөө гаргаж буй монгол тулаанчдын нэг Э.Цэндбаатар ирэх сарын 1-нд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө тулалдахаар болжээ.
Тэр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байсан бол энэ удаа ProBox-оос шинэ тулааны товыг зарлажээ. Орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-ний баасан гарагт АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод манай тамирчин WBC холбооны бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй тулалдах юм байна.
Уг нь Э.Цэндбаатар IV/10-нд ProBox холбооны хүрээнд ээлжит тулаанаа Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубовтой хийхээр төлөвлөсөн ч өрсөлдөгч нь тодорхой шалтгааны улмаас тэмцээнээ цуцалсан юм.
Боксчдын чансааг тодорхойлдог Boxrec Э.Цэндбаатар 14 ялсан үзүүлэлтээр 12-т жагсаж байна. Харин түүний өрсөлдөгч 68-д бичигдэж байгаа юм.


