О.Мөнхжин БЗС-гийн тэрбум гаруй төгрөгийг төлсөн ч койны хэрэг нь сураг алдарлаа

Нэгэн үе иргэд койн гэж “шуурч” байх үест “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Н.Эрхэмбаяр, Б.Идэр-Од нар зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн байдаг.
Энэ асуудлыг хоёр жилийн өмнөөс буюу 2023 оны хоёрдугаар сараас эхлэн шалгаж эхэлсэн. Өдгөө О.Мөнхжин, Б.Гантиг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д зааснаар буруутган, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байгаа гэх мэдээлэл л бий.
Тэдний хувь эзэмшигч Н.Эрхэмбаяр нь зуурдаар нас барсан бол Б.Идэр-Од нь гадаад руу гараад “явчихсан”.
О.Мөнхжингийн хувьд хөрөнгө босгож, ёстой л тансаглаж явсан хэрнээ өөрөө болон эхнэр Н.Цолмон нар Боловсролын зээлийн сангаас гадаадад суралцах төлбөрөө авсан ч эргүүлж төлөөгүй нь ил болсон.
О.Мөнхжин 2014 онд 170.912 ам.доллар, эхнэр Н.Цолмон нь 2015 онд 188.778 ам. долларын зээл тус тус авсан байдаг. Үүнийгээ Н.Цолмон саяхан буюу 2024 оны 12 дугаар сард 545 сая 995 мянга 680 төгрөг төлсөн бол О.Мөнхжин 2025 оны нэгдүгээр сард 588 сая 829 мянга 440 төгрөг байхад нь АТГ-аар дамжуулан төлсөн байна.

Товчхондоо тэдний гэр бүл БЗС-гаас авсан зээлээ 10 орчим жилийн дараа тэрбум гаруй төгрөг болсон хойно төлсөн байна. Татвар төлөгчдийн мөнгийг хүүгүй ашигласан гэсэн үг.
Тэгвэл IHC койноос нь болж, тэдэнд итгэсэн иргэдийн хохирлыг хэрхэх вэ. Нийт 24.7 тэрбум төгрөг босгосон гэж саймширч байсан хүмүүсийг хэргийг хэзээ, хэрхэн шийдвэрлэх бол…
Эх сурвалж: Erennews.mn