О.Алтангэрэл: Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар 15-20 жилийн өмнөх хөрөнгийг хураах ямар ч хуулийн боломж байхгүй

Засгийн газрын өнөөдрийн /2025.05.21/ ээлжит хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод броорр. Энэ талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан гэдэг асуудал яригдаж байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын хуралдаанаар Нийтийн албан тушаалтны хөрөнгө хураах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д хүргүүлсэн. Энэ бол зөвхөн хөрөнгө хураах тухай зохицуулалт биш авлигын эсрэг багц хуулийн төсөл юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг олон хуульд өөрчлөлт оруулах төсөл байгаа юм. Гэвч УИХ энэ цагаас хойш тов өгөөгүй тул хэлэлцүүлж чадалгүй олон сар өнгөрсөн. Тийм учраас Засгийн газар өнгөрсөн Даваа гарагт хуулийн төслөө татаж аваад зохих өөрчлөлт хийгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулж, УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр болж байна.

Энэ хуулийн төслийг нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар хураан авч, нөхөн төлүүлэх тухай гэж өөрчилсөн. Субьектуудыг нь төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлэх байдлаар өөрчлөөд өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргалаа.

Хуулийн процессын хувьд 2002 оноос эхлэн үйлчлэхээр тусгасан. 2002 оноос хойш эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж байгаад шалгагдаж өршөөгдсөн хүмүүс байна. Шүүхээр ороод авлигын хэрэгт ял авсан атлаа хөрөнгөө хураалгаагүй хүмүүс байна. Ямар нэг эрүүгийн хэрэгт буруутгагдаж, шүүхийн шийдвэр гараагүй боловч хөрөнгөө тайлбарлаж чадахгүй хүмүүс байна.  Эдгээр хөрөнгүүдийг шүүхээр хураая, гэхдээ иргэний шүүхийн журмаар хураая, бүх процессуудаа хийе гэдэг өөрчлөлт оруулж байна.

-Энэ хуулийн зохицуулалтад хорих ял оруулаагүй гэсэн үг үү?

-Ял шийтгэлгүй, хөрөнгө нь хураагдана гэсэн үг. Хэргийнх нь хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зүйлүүд дээр ял шийтгэл ярих бололцоогүй байгаа. Ийм ч учраас олон жилийн өмнө хөрөнгө завшсан, хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс санаа сэтгэл амар яваад ирсэн. Энийг л өөрчлөх гэж хуулийг санаачилсан. 2002 онд баталсан Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг завал хураах тухай зохицуулалт орсон. Бас нэг ойлголт байгаа, өнөөдрийн хууль тогтоомжоор хөрөнгө, орлогыг хураах бололцоотой гэж яриад байгаа. Гэвч өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар 15-20 жилийн өмнөх хөрөнгийг хураах ямар ч хуулийн боломж байхгүй. Тийм учраас энэ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд шийдвэрлүүлнэ.

-УИХ энэхүү хуулийн төслийг өргөн барих тов өгөхгүй 115 хоносон гэж байна. Үүнээс болж асуудал гарсан уу?

-Бид бол энэн дээр гайхаж байгаа. Ухаахудагтай холбоотой санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг 2025 оны хоёрдугаар сарын 17-нд Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Бид санал дүгнэлтээ гаргаад УИХ-д хүргүүлсэн, хэлэлцэхгүй байсан.

Харин тавдугаар сарын 8-нд УИХ дээр ажлын хэсэг байгуулагдлаа. Түүх харах юм бол өнгөрсөн 18 жилийн хугацаанд Тавантолгойн орд, Ухаа худагийг ярьсан олон улстөрч байх боловч Засгийн газрын түвшинд анхны санал дүгнэлт гаргасан тохиолдол нь саяных. УИХ-ын төвшинд ажлын хэсэг байгуулагдаж байгаа нь мөн саяны тохиолдол.

Гэтэл энэ хугацаанд буюу өнгөрсөн гуравдугаар сарын 26-нд Ухаа худагийн орд газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа “Энержи ресурс” компани 350 сая ам.долларын өрийн бичиг босгосон байна. Яагаад УИХ-аар хэлэлцүүлэлгүй удав гэдэг асуудал гарч ирж байгаа. Товчхондоо та нар 34 хувиа авбал ав, тэгэхдээ 150 сая ам.доллартай тэнцэхүйц үүрэг та нар дээр оногдоно шүү гэдэг утга агуулга уншигдаж байгаа. Яг энэ хугацаанд УИХ дээр дөнгөж ажлын хэсэг байгуулагдсаны дараа нэг асуудал үүссэн нь хамтарсан Засгийн газар байх уу үгүй юу, энэ чигээрээ явах юм уу үгүй юм уу гэдэг асуудал хөндөгдөж эхэлсэн. Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан намаас төлөөлөл болж орсон сайдын хувьд хүний эрх чөлөөг хамгаалахтай холбоотой нэлээд олон хуулийн төсөл өргөн барьсан, байгалийн баялагтаа монголчууд эзэн байх ёстой, авлига хээл хахуультайгаа тмцэх ёстой гэсэн бодлого барьсан. Яг энэ Ухаа худагийн үйл явдалтай зэрэгцээд бусад үйл явдал нь өрнөдөг. Энэ дээр улстөрчийн хувьд анхааралтай ажиглаж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.