МАН цагаан байрандаа зодолдох уу, золгох уу

МАН өнөөдөр Бага хурлаа хийж, дараагийн Ерөнхий сайдаа тодруулна. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, МАН-ын генсек Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр ил болж, Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг хүлээж буй.
Гэвч тэдэнд давуу болон сул тал их. Эгээ л жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг гэгчээр хэн нэгнийг нь Ерөнхий сайд болгох нь гарцаагүй.
- Тэдний ихэнх нь 70-аад оныхон. Хамгийн оновчтой гэгдэж байгаа нь Г.Занданшатар. Мань хүний хувьд Засгийн газар, парламентын бүх түвшинд ажиллаж үзсэн. Бас ч үгүй ҮХНӨ-ийг гардан хийсэн гавьяатан. Хэдийгээр УИХ-ын сонгуульд тойргоосоо ч цойлж чадаагүй. Хөөрхий өөрөөс нь шалтгаалж унасан гэхэд хэцүү. Г.Занданшgтарын хувьд бүсчилсэн тойргийн сул тал болон тухайн үед болсон ослоос үүдэлтэйгээр саналуудаа алдчихсан. Мэдээж туршлагатай спикер байсны хувьд хоосон хоцорчхолгүй Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар суугаа. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг зүтгүүлнэ гэх хардлага бий.
Дараагийнх нь мэдээж Я.Содбаатар. Түүний хувьд бас л Ерөнхийлөгчийн зүгээс зүтгүүлнэ гэж харагдаж байгаа. Нэг талдаа хоёр хүн зэрэг гэж харагдахаар. Я.Содбаатарын хувьд МАН-даа хийсэн гавьяатай. Гэхдээ МАН-ын бус Монгол Улсын Ерөнхий сайд байх хэмжээнд хүрсэн улстөрч гэхэд жулдана гэж зарим гишүүн нь үзэж, дэмжихгүй гэгдэж байгаа. Мэдээж хувь улстөрчийнх нь хувьд ЖДҮ-гээс эхлээд боорлуулах асуудал ихтэй.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Түүнийг үндэсний аюулгүй байдлаар гаршсан, үе үеийн Засгийн газарт хэд, хэдэн удаа сайдаар ажиллачихсан. Ер нь боломжийн туршлагатай гэж харагдаж байгаа ч дотроосоо дэмжлэг авах эсэх нь эргэлзээтэй гэгдэж буй.
- С.Бямбацогтын нэр Ерөнхий сайдад яригдаж байгаа ч нохой төөрүүлэх гэсэн чулуу гэж үнэлэгсэд олон бий. Өөрөөр хэлбэл, С.Бямбацогтын хувьд Ерөнхий сайд байх хэмжээний хүн биш гэх үү дээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн нэр нэлээд эртнээс Л.Оюун-Эрдэнийн суудал ганхаж эхлэх үеэс яригдаж эхэлсэн. Гэхдээ нас залуу, цус шингэн гэх том асуудал түүний нэрийг торойж гарахад саад болно гэх мессеж МАН-ын Бага хурлын гишүүдийн дунд тарчихсан.
Одоогоор дээрх нөхдийн нэр ил болчхоод байгаа нь МАН олон нийтэд шидэж өгсөн чулуу байх магадлал өндөр. Гэхдээ байгаа кандидатууд нь мөн л тэд.
Тэгэхээр зодолдохоор бол тэд шинэ хүн гаргаж ирнэ, золгохоор бол бэлдэж өгсөн нэрэнд саналаа өгөх нь ээ.
Эх сурвалж: Erennews.mn