Улс төрд удаан суусан УИХ-ын гишүүдээс бүрэн мөсөн татгалзъя

Удахгүй хэдхэн сарын дараа УИХ-ын ес дэх сонгууль болно. Энэ удаагийн сонгууль орон нутагт 7, нийслэл Улаанбаатар хотод 6, нийт 13 томсгосон тойрогт зохион байгуулагдахаараа өмнөх сонгуулиудаас онцлогтой болох юм. Энэхүү томсгосон тойрог нь бие даагчид гарч ирэх боломж бололцоо хамгийн доод түвшинд байх магадлал маш өндөр эсрэгээрээ олны танил улс төрчдөд сонгогдох боломжийг илүү олгох систем юм.

1992 оноос эхлэн явагдаж буй УИХ-ын сонгуульд олонтаа сонгогдон, насаараа парламентад суусан улс төрчид  нэлээдгүй олон бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд юм.Тэрээр 2000 онд бизнесийн салбараас улс төрд орж ирэн УИХ-д  5 удаа сонгогдон Ерөнхий сайдаар ч ажиллаж байсан нэгэн юм.  Тэрээр улс төрд орсон 24 жилийн хугацаандаа оффшорт хөрөнгөө мартталаа баяжин Монголын толгой баячуудын тоонд зүй ёсоор нэрлэгддэг болсон.

Тэгвэл МАН-аас он солигдохын өмнөхөн Төрийн ордонд зохион байгуулсан нүүрсний сонсголоор  Сү.Батболдыг уул уурхайгаар хөрөнгөжсөн болохыг нотлов. Товчхоноор хэлвэл тэрээр гурван сая монголчуудын хүртэх ёстой газрын баялгийг эрх мэдэл албан тушаалаа ашиглан авсан хүмүүсийн нэг юм.

Гаалийн бүрдүүлэлт хийлгэлгүйгээр 5.2сая тонн нүүрс манай улсаас гарч одсон байдаг, үүний 1.2 сая тонныг нь Сү.Батболдын үеэл, авга дүү Цэрэнпүрэвийн Амгалан гэгч эмэгтэйн хамаарал бүхий 8 компани гаргасныг нүүрсний сонсголоор баримттайгаар харуулав. Дэлгэрэх цагаан овоо, Алтаннууц, Цэцийгуа гэх мэт найман компаний удирдах зөвлөлд эзэн суусан энэ эмэгтэй “E Commodities Mongolia” хэмээх комапаний Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд энэ нь Сингапурт бүртгэлтэй компани юм.

Сү.Батболдын авга дүү Ц.Амгалан нь 2020 оны эхээс 2020 оны 6 сар хүртэл ердөө зургаахан сарын дотор эдгээр компанийн удирдах зөвлөлд албан тушаал хашиж эхэлснийг баримтууд харуулна. Гаалийн бүрдүүлэлтгүй хулгайн нүүрс нь 2020-2023 оны хооронд Монгол улсын хилээр гарсан байх бөгөөд тухайн онуудад Гаалийн ерөнхий газрын даргаар Сү.Батболдын эхнэр Отгонтуяагийн төрсөн ахын хүү Асралт ажиллаж байсан юм. Энэ бол Монголын улс төрд 24 жил “дураараа дургисан” Сү.Батболдын яаж хөлжсөн тухай ганцхан жишээ.

Энэ мэтчилэн олон жил их хуралд суулаа гээд улс орны хөгжилд хуруугаа ч хөдөлгөхгүй мөртлөө хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж хагартлаа баяжсан эрхэмүүд цөөнгүй бий. Эдгээрээс харахад улс төрд ужгирах тусам санаа нь явж, сэтгэл нь цадахгүй, улсаа тоносоор байх. Тиймээс улс төрд удаан суусан Сү.Батболд мэтийн УИХ-ын гишүүдээс бүрэн мөсөн татгалзъя.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.