“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны бэлтгэл ажлыг хангаж байна

Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан бол 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн суурь тавигдаж 2024 онд тус сангийн тухай бие даасан хуулийг баталсан билээ. Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх, орлогыг нэмэгдүүлэх, үр ашгийг нь иргэдэд тэгш шударга хүртээх үүднээс Засгийн газрын шийдвэрээр “Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд түүврийн аргаар 1570 иргэнийг сонгож эхний шатанд улс орон даяар санал асуулга явуулж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Зөвлөлдөх зөвлөлийн ажлын албанаас өнөөдөр зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар ярилцлаа. Анхан шатны санал асуулгад оролцсон 1570 иргэнээс сонгогдсон 800 хүн 4-р сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд хуран чуулж, Зөвлөлдөх уулзалтад оролцох юм.
“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны хэлэлцүүлгээр Үндэсний баялгийн сангийн менежмент, өгөөжийн хуваарилалт, иргэдэд хүртээх үр ашиг зэрэг гол асуудлуудыг хэлэлцэж, оролцогчдын саналыг нэгтгэн зөвлөмж гаргана.


