Ойн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна

Онцгой байдлын албаны мэдээлснээр одоогоор ойн гурван түймрийг унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/-т 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн байна.

Энэ дагуу Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Хан Хэнтий” УТХГ, Мандал сумын Мэргэжлийн анги болон аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Онцгой байдлын байгууллагын 301 алба хаагч, 29 автомашин, орон нутгаас 44 иргэн, 6 автомашин, нийт 345 хүн, 35 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон 3 дугаар баг “Бэрхийн давааны ар” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 33 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 230 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Бэрх тосгон дахь 42 дугаар анги, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь 53 дугаар анги, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн ажилтнууд, “Дадал Онон балж” байгалийн цогцолбор газар, Дадал сумын БОУБайцаагчид, Батноров сумын Байгаль хамгаалагч, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн сайн дурын “Хан-Уул”, “Баянгол” нөхөрлөл ойн түймрийг унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.