Сэтгүүлчдээс сэтгүүлчээ өмөөрөхийг шаардая!
Сэтгүүлчдээс үзэг нэгт сэтгүүлчээ өмөөрөхийг шаардаж байна. Тийм ээ, би Н.Өнөрцэцэгийн тухай ярьж байна. Хувь хүнийхээ хувьд тэр хэн ч байж болно. Харин сэтгүүлчийнхээ хувьд бол сэтгүүлзүйн салбарын нэгээхэн хэсэг, тод өнгө нь яахын аргагүй мөн. “Хариулчих л даа” гээд микрофоноо бариад эх сурвалжийн араас, дарга нарын араас элдэж гүйсээр байгаад иргэдэд үнэнийг хүргэдэг. Өөрийгөө элдэв хоёроор хэлүүлэн байж асуудлыг ард түмний анхаарлын төвд авчирч чаддаг Н.Өнөрцэцэг бол сайн сэтгүүлч.
У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдосныхоо дараахан “Манай засгийн газраас хууль бус юм битгий нэхээрэй, битгий шаардаарай” гээд сүржин мэдэгдэл хийж байв. Харамсалтай нь, өөрөө Төрийн албаны тухай хуулийг ноцтойгоор зөрчиж төрийн алба хаах насны дээд хязгаар нь хэтэрсэн Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилсон. Д.Гэрэл гээд насаараа төрийн алба хашсан луйварчин өвгөн ингэж Монгол төрийн хуулийг уландаа гишгэн байж хоёр дахь удаагаа Тагнуулын ерөнхий газрын дарга боллоо. Д.Гэрэл дарга одоо бараг 70 хүрчихлээ. Түүний насны хүн төр сандайлж луйвар хийх биш, тэтгэвэртээ сууж үр ачаа хүмүүжүүлэх ёстой. Өвөө нараа үхтэл нь ажиллуулах гээгүй л юм бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн албаны тухай хуулиа ягштал биелүүлж Д.Гэрэлийг нэн даруй чөлөөлөх үүрэгтэй. Зарим хүнд арай өөрөөр үйлчилдэг төрийн хууль байж таарахгүй.
Дарга, албан тушаалтнуудын хууль зөрчсөн бузар үйлдлийг илчилж, нийгмээ эрүүлжүүлэх нь сэтгүүлзүйн үүрэг, сэтгүүлчийн ажил. Н.Өнөрцэцэг ажлаа л хийсэн. Түүнд баримт байсан. Тэрийгээ ч дэлгэсэн. Харамсалтай нь баримтаа дэлгүүлсэн этгээд нь албан тушаалаа урвуулан ашиглаж Н.Өнөрцэцэгийг хууль, хяналтын байгууллагаар айлгаж, дарамтлаж байна. Хууль зөрчсөн дарга биш баримт дэлгэсэн сэтгүүлч нь шалгагддаг, байцаагддаг ёс манай гаригийн ардчилсан улсуудын алинд нь ч байхгүй!
Д.Гэрэлийн хүү Д.Аранзал Нарангийн голыг шороогоор нь эргэлдүүлсэн алтны уурхай ажиллуулж, Д.Гэрэлийг охин Д.Хулан Шарын голын нүүрсний уурхайн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Д.Гэрэлийн эхнэр Э.Даваасүрэн Богдхан уулын дархан цаазат бүсэд 1.8 га газар эзэмшдэг. Д.Гэрэл нь өөрөө албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийнхөө охинтой чацуу жаахан охинд эр бяраа гаргадаг хууль зөрчиж томилогдсон том дарга.
Саяхан Тагнуулын байгууллагын 98 жилийн ой болов оо. Төрийн байгууллагууд 70, 80, 90 жилийн ойгоо тэмдэглэж, одон медаль тарааж, хурим найр хийж байхыг бишгүй л харлаа. Харин 97, 98 жилийн ой тэмдэглэж байгаа нь энэ гээд өндөр үнэтэй нэвтрүүлэг хийлгүүлж байхыг анх удаа харлаа. Энийг чинь юу гэж ойлгох уу, Д.Гэрэл дарга аа? Дүү сайдад нь өгөх авилгаа ахынх нь студиэр халхавчилсан гэж ойлгох уу?
Арай л даварч байгаа юм шиг санагдахгүй байна уу, сэтгүүлчид ээ? Миний лав игзаар хөдлөөд байгаа юм. Баримт дэлгэсэн сэтгүүлчээ байцааж цохидог ардчилсан нийгэм байдаг юм бол асуулт асуусан иргэнээ яадгийг нь харъя. Д.Гэрэл дарга аа, хэдэн жилийн өмнө тагнуулынхаа объектыг хувьдаа завшаад шалгагдаж явсан хавтаст хэрэг чинь одоо хаачсан бэ? Сүхбаатар дүүрэгт байсан тагнуулын объект яаж яваад хувьд оччихов оо? Баянзүрх дүүрэгт байрладаг тагнуулын объектын газар яагаад таныг дарга болохооор л багасаад байдаг юм бэ? Та хариулахгүй ч байж болно. Харин танд Монгол ардын нэгэн зүйр үгийг сануулая. Өглөггүй баянд үгүйрэл зохилтой, Өргөмжгүй настанд үхэл зохилтой! Үйлийн үрийг нь үр хүүхэд чинь хүртэх вий дээ…
Асуудлын араас, баримтын араас эрэн сурвалжилж нийгмээ эрүүлжүүлдэг сэтгүүлчид минь харин битгий шантраарай, битгий зогсоорой. Бас албан тушаалтнуудад, бохир цагдаад, бузар луйварчдад хууль бусаар дарлуулж байгаа үзэг нэгтнээ өмөөрөхөө мартав. Үгээ хурцал, үнэнийг дэлгэ. Энэ бол та бүхний ажил, бас үүрэг. Төр эрүүлжиж, түмэн олон та бүхэнд талархах болно.