Өсвөрийн хоккейчдийн цомын тэмцээний аварга тодорлоо

Монголын хоккейн холбооноос 2025-2026 оны лигийн тэмцээнийг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймгийн мөсөн талбайд зохион байгуулж байна.
Лигийн тэмцээний үеэр өсвөр үеийн U16 цомын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч долоо хоногт Эрдэнэт хотын Орос сургуулийн мөсөн талбайд зохион байгууллаа. Тус тэмцээнд “Шарын гол”, “Эрдэнэт”, “Багануур”, “Отгон Од”, “Бугант”, “МСТ” болон “Дархан”, “Мобикомын Хөх Чоно” багууд оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Гурван өдрийн турш болсон тэмцээний тэргүүн байрт “Мобикомын Хөх Чоно” баг шалгарсан бол Эрдэнэтийн “Хангарьд”, Сэлэнгэ аймгийн “Бугант” багууд хоёр, гуравдугаар байрт орлоо. Тэмцээний шилдгүүдийг тодруулахад хаалгачаар н.Эрхэм /Эрдэнэт/, хамгаалагчаар н.Дөлгөөн /Шарын гол/, довтлогчоор н.Мандуул /Мобикомын Хөх чоно/, тэгш тоглогчоор н.Ялалт /Бугант/ нар шалгарлаа.
Ташрамд дуулгахад, Монголын хоккейн холбооны 2025-2026 оны лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд ирэх долоо хоногт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын мөсөн талбайд болно.


