Тайланд руу хар тамхи оруулахыг завдсан Монголын гурван иргэнийг саатуулжээ

Тайландын Хар тамхитай тэмцэх товчоо Бангкокд тусгай ажиллагаа явуулж, улс дамнан мансууруулах бодис хууль бусаар тээвэрлэхийг завдсан гурван иргэнийг саатуулжээ.

Тэд Монгол Улсын иргэд бөгөөд Сукхумвит 36 гэх гудамжинд байрлах зочид буудлаас баривчлагджээ. Сэжигтнүүд Бангкокыг дамжин өнгөрөх цэг болгон ашиглаж, илгээмжээр хориотой бодис хил давуулах сүлжээ үүсгэсэн хэмээн буруутгагдаж байгаа юм байна.

Мөрдөн байцаалтын явцад тэд цахилгаан хэрэгслийн эд анги /конденсатор, трансформатор/-ын дотор хэсгийг салгаж, оронд нь “мөс” буюу метамфетамин төрлийн мансууруулах бодис нуун битүүмжилдэг байсан нь тогтоогдсон аж.

Түүнчлэн сэжигтнүүд мөрдлөгөөс зугтахын тулд байрлаж буй зочид буудлаа 2-4 хоног тутам сольж, бусдын гадаад паспорт ашиглан санхүүгийн гүйлгээ хийх зэргээр өөрсдийгөө далдалж байжээ.

Тайландын Хар тамхитай тэмцэх товчоо хэргийн сэжүүрийг анх нэгдүгээр сарын сүүлээр хүлээн авчээ. Ингэхдээ Печабури замын ойролцоох тээврийн компаниас сэжигтэй илгээмж илэрсэн гэх мэдээлэл авсан байна. Тухайн үед илгээмж доторх конденсатороос 150 грамм мансууруулах бодис олджээ. Харин сэжигтнүүдийг баривчлах үед өрөөнөөс нь дахин 244 грамм бодис гарсан ба  савлагааны хэрэгслүүд ч байсныг хураан авчээ. Одоогоор нийт 394 грамм хориотой бодисыг эд мөрийн баримтаар хураан авч, шинжилгээнд хамруулсан байна.

Саатуулагдсан Монгол Улсын иргэдэд тус улсын хууль тогтоомжийн дагуу нэгдүгээр зэрэглэлийн мансууруулах бодис хууль бусаар хадгалсан, борлуулахыг завдсан болон улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тайландын хууль сахиулах байгууллагаас уг хэрэгт холбоотой байж болзошгүй бусад этгээдүүд болон санхүүгийн урсгалыг илрүүлэхээр мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлэн үргэлжлүүлж байна.

Эх сурвалж: thethaiger.com

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.