УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.06.30/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт төлөөлөгчдөд Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүлээд, Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улсыг ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэдэг гуравдагч хөрш, Европ дахь гол түнш хэмээн үздэгийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сард Монгол Улсад төрийн айлчлал хийж, уг айлчлалын үеэр хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулсан нь хоёр талын харилцааны түүхэн чухал үйл явдал болсныг онцлов. Ингэснээр Монгол Улс Европын орнуудаас хамгийн түрүүнд Герман Улстай Стратегийн түншлэл тогтоосон улс болсон юм. Тэрбээр олон улсын нөхцөл байдал эрчимтэй хувьсан өөрчлөгдөж буй энэ үед ардчилал, эрх зүйт төрийн тогтолцоог бэхжүүлэх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой чухал болохыг тэмдэглэв.

Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Германы парламентын бүлэг, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлэг, мөн парламентын байнгын хороод хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хуралд суудалтай байсан улс төрийн намуудын төлөөлөл 2023 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажиллаж, Бундестагийн үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоотой танилцан туршлага судалсан нь 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа 126 гишүүнтэй шинэ парламентын үйл ажиллагааг зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэлээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Бундестагийн Ерөнхийлөгч Юулиа Клёкнэрт мэндчилгээ уламжилж, Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилга нээлттэй хэвээр байгааг уламжилж өгөхийг хүслээ.

Мөн Бундестагт бие даасан Герман-Монголын парламентын бүлэг байгуулах асуудлыг Германы талаас үргэлжлүүлэн судалж, дэмжин ажиллахыг хүсэв. УИХ-ын дарга Монгол Улс газарзүйн хувьд Төв Азид оршдог боловч ардчилсан засаглал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, чөлөөт зах зээлийн эдийн засгийг тууштай хөгжүүлж ирснээрээ бүс нутгийн бусад улсаас онцлог байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэлээ.

Тэрбээр 2024 оны Улсын Их Хурлын сонгуулиар Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу таван нам, эвслийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй парламент бүрдэж, 78 гишүүн мажоритар, 48 гишүүн пропорциональ тогтолцоогоор сонгогдсон нь олон ургалч үзэл, парламентын хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг тодотгов. Мөн Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, илүү хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй парламентыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд ажиллаж байгааг танилцуулж, энэ чиглэлээр Германы парламентын туршлагыг судлан ажиллаж байгаагаа дурдлаа.

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Герман-Төв Азийн парламентын бүлгийн дарга Кристиан Гёрке Төв Азийн бүс нутагт хийх айлчлалынхаа эхний улсаар Монгол Улсыг сонгосныг онцолж, төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан УИХ-ын даргад талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол Улсын хөгжлийн хурд, эдийн засгийн өсөлтийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг олон улсад Төв Азийн бүс нутаг дахь ардчиллын бэлгэ тэмдэг, зарим улсууд “гэрэлт цамхаг” хэмээн үнэлдэг болохыг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг өндрөөр үнэлж байгаагаа дурдсан.

Түүнчлэн УИХ-ын дарга С.Бямбацогтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад албан ёсны айлчлал хийх урилгыг уламжлав.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга С.Бямбацогт энэ оны аравдугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж буй Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад Бундестагийн эмэгтэй гишүүдийг оролцохыг урьж, Монгол, Германы хууль тогтоох байгууллага хоорондын харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулж буй парламентын бүлгийн төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Германы парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа албаны хүмүүсийн хамт оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.