Э.Бат-Амгалан сайд аа, “Монос” мөнгөтэй ч Монгол хуультайг сануулаарай

“Монос” групп барилгын салбарт бусдыг залилж эхэлсэн үү

Монголчуудын эрүүл мэндийн төлөө ажилладаг “Монос” групп энэ удаа иргэдийг эдийн засгийн хохиролд оруулахаар шийдсэн бололтой. Харин үүнийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зогсоож чадах уу. 

Учир нь, “Монос” групп хүнс, эмийн худалдаа, үйлдвэрлэлээс гадна барилгын салбарт хүч түрэн орсон байна. Ингэхдээ чанарын шаардлага хангахгүй барилгаа тун удахгүй Улсын комисс хүлээж авна хэмээн иргэдэд борлуулж эхлээд байгаа юм.

Тэр нь хүн бүрийн шунадаг Зайсан толгой орчим буюу тус амны зүүн талд ХУД-ийн 11-р хороо, Америк сургуулийн хажууд F.I-One төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. “Монос”-ынхон барилгаа захиалж, гүйцэтгэгч компаниар бариулж байгаа ч тэр нь шаардлага хангахгүй байгааг мэргэжлийнхэн дүгнэсэн ч тэд огт тоогоогүйн дээр рекламаа цацсаар, чанаргүй барилгаа борлуулсаар байна.

Тэд энэ төслөө анх 2025 оны III улиралд гурван блок, IV улиралд дөрөв дэх блокоо ашиглалтад оруулна хэмээн захиалга авч, орон сууцаа борлуулж эхэлжээ. Гэвч компани хэлсэндээ хүрч, захиалагчид байрандаа орж чадахгүй байсаар энэ оны гуравдугаар сард эхний байруудыг Улсын комисст шалгуулж, дүгнэлтээ авчээ.

Харин одоо сүүлийн барилга буюу IV блокоо Улсын комисст дүгнүүлэхээр зэхэж байгаа аж.

Гэхдээ төмөр бетон бүтээцийн нормын дагуу гүйцэтгээгүйн улмаас угсралтын ажлын явцад зарим узель, диафрагм хана, дам нурууны ул, хацаранд суларсан бетон, ажлын арматур, ажлын хом ил гарч, технологын дагуу шавардлага болон бетон дүүргэгч хийгээгүй. Хананы хэвний эгцэлгээ нь шаардлага хангаагүй, агааржуулалтын хоолой нэвтрэн гарах нүхгүй, зарим ариун цэврийн босоо хоолойн нүх солбисон, хонгилын утаа сорох хоолойн трасс байрлах нүх гаргалгаа хийгээгүй, далд монтажны сувагчлал анхны зургаасаа өөрчлөгдсөн зэрэг мэргэжлийн маш олон алдаа дутагдалтай байгаа аж.

Атал “Монос”-ынхон тэдгээр алдаа, дутагдлаа засахын оронд тун удахгүй Улсын комисс авна хэмээн борлуулалтаа хийж байгаа нь орон сууцны захиалгаас болж хохирсон иргэдийн тоог нэмэхээс гадна цаашдаа агрч болох эрсдэлүүдийг огт тооцохгүй байгааг нь илэрхийлж байгаа хэрэг. Ёстой л мөнгө цагаан, нүд улаан гэгчээр тэд ашиг олж л байвал иргэдэд ямар орон сууц худалдаж байгаа нь падлий ч үгүй бололтой.

Нэмээд харвал тус төсөл 16 давхар, дөрвөн блокоос бүрдэх бөгөөд автомашины ямар зогсоолгүй. Харин зогсоол худалдаж авах нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, мкв-ыг нь 5,7 сая төгрөгөөр бодож байраа авахын зэрэгцээ байрны доор байрлах зогсоолоос 70 сая төгрөгөөр худалдан авах шаардлага үүсч байгаа аж. Ингээд тооцвол иргэд 350-420 сая төгрөгөөр чанарын шаардлага хангахгүй барилгаас авах болж байгаа юм.

Хэдийгээр иргэд худалдан авахгүй байх боломж байгаа ч “Монос”-ынхон хэрэглэгчдийн нүдэнд ил харагдахгүй алдаануудаа Улсын комиссынхноор хэвийн дүгнэлт гаргуулж, ашиглалтад өгөх гэж байгаа нь өөрөө мөнгөний төлөө иргэдийг хохироох далд санаагаа хэрэгжүүлж байна гэж хардахад хүргэх биз. Тэр ч утгаараа салбарын сайд Э.Бат-Амгалан Улсын комисс нэрээр урдах ажлаа хийж чадахгүй мөнгөтэй, том компаниудын барилга дээр очихоор нүдээ аньчихсан мэт “САЙН” дүгнэлт гаргаж өгдөг хүмүүстээ хариуцлага тооцоохгүй бол чанаргүй барилгаар иргэд хохирч, чансаагүй орон сууц хотыг цементэн ширэнгэ болгосоор байх нь…

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.