Түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөөгүй жолоочийн эрхийг хасчээ

Энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр ослын улмаас хүнд гэмтсэн хүнийг тээвэрлэж явсан түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөхгүй, зүй бус үйлдэл гаргаж буй жолоочийн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн.
Уг мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, холбогдох жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох, мөн хуулийн 3.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасах шийтгэл оногдуулжээ.
Цагдаагийн байгууллагаас жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо цагдаа, түргэн тусламж, гал түймэр унтраах зэрэг тусгай дуут дохиотой тээврийн хэрэгсэлд зам тавьж өгч, бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалан, замын хөдөлгөөний соёлтой оролцохыг зөвлөж байна.


