Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн (YEPP)хүрээнд хөндлөнгийн үнэлгээний уулзалт ярилцлага зохион байгуулагдлаа

Өчигдөр /2026.10.21/ Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-аас, БНСУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хөтөлбөр(I-KORP) болох Залуучуудын хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төсөл(YEPP)-ийн Ази, Номхон далайн бүс нутаг дахь хөндлөнгийн үнэлгээний баг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажиллалаа.
Энэхүү хөндлөнгийн үнэлгээнд 2024-2026 оны хооронд хэрэгжсэн Монгол Улсын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл (YEPP) болон Монгол, Тайланд, Вьетнам улсад хэрэгжсэн Азид залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн хөтөлбөрийг дэмжих төсөл (YEPS) хамрагдаж байгаагаараа онцлогтой юм.
Тус хөндлөнгийн үнэлгээний уулзалт, ярилцлагад олон улсын хөндлөнгийн үнэлгээний зөвлөх Иможен Ховеллс, ХХҮЕГ-ын Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай, ахлах мэргэжилтэн Н.Алтансувд нар оролцож, дараах агуулгын хүрээнд нээлттэй санал хуваалцаж, хэлэлцүүллээ. Тухайлбал:
• Засгийн газрын байгууллагын хувьд төсөл хэрэгжүүлэгч байгууллагын үндсэн чиг үүрэг, оролцоо дэмжлэг мөн түншлэгч талуудын оролцоог хэрхэн хангасан талаарх танилцуулга
• Төслийн явцад залуучуудын хөдөлмөр эрхлэлт болон ур чадвартай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд бодлогын ямар дэмжлэг үзүүлсэн, ашиг шим хүртэгчдийн хэрэгцээнд хэрхэн нийцсэн, төслийн бодит үр дүнд ямар өөрчлөлтүүд гарсан, цаашид үргэлжлүүлэн хадгалж, өргөжүүлэх боломжууд
• Төслийн хэрэгжилтийн явцад бий болсон ололт амжилт, амжилттай хэрэгжсэн арга барил, мэдлэг, сайн туршлага, тулгарсан сорилт бэрхшээлүүд
• Түүнчлэн, ОУХБ-ын оруулсан хувь нэмэр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр (Score, ScoreHoco)-ийг үргэлжлүүлэх, төлөвлөх, Монгол Улсад нутагшуулахад ашиглаж болох сургамж, зөвлөмжүүд
• БНСУ болон бусад улсын түншүүдтэй туршлага солилцох хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх санал, хүсэлт хуваацлаа.


