Түрээслээд өмчлөх 45 м.кв байрны сарын төлбөрийг 1.42 сая төгрөгөөр тогтлоо

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн “100 мянган орон сууц” үндэсний хөтөлбөрийн талаарх нэгдсэн мэдээллийг өнөөдөр /2026.10.21/ танилцуулав. Тодруулбал, Сэлбэ, Шар хад, Солонго 1, 2 гэх төрийн өмчийн 3572 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Ирэх 2027 онд 8238 айлын орон сууц, 2028 онд 11,246 айлын орон сууц ашиглалтад орох бол 2040 он гэхэд 40 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөсөн аж. Харин хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн 14,832 айлын орон сууц энэ 2026 онд ашиглалтад орохоор болжээ. Хувийн хэвшлүүд 2030 он гэхэд 60 мянга гаруй айлын орон сууцыг барихаар ажиллаж байгаа аж.
Түрээслээд өмчлөх орон сууцын талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Төрийн мэдлийн 40 мянган орон сууцыг урьдчилгаа төлбөргүй, таван жилийн хугацаанд төлбөрийг цувуулан бүрдүүлэх сонголтыг олгож байна. Тодруулж хэлбэл, 45 м2 хоёр өрөө байр дээр жишээ авч тайлбарлавал, түрээсийн орон сууцны сарын түрээс нь 700 мянган төгрөг байх юм. Тодруулж хэлбэл, түрээсэнд сардаа 700 мянган төгрөгийг төлөх бөгөөд өмчлөлд 720 мянган төгрөгийг төлөх юм. Харин 20 жилийн дараанаас үл хөдлөх 100 хувь таны нэр дээр ирнэ. Ингээд үзэхэд сард нийт 1420000 төгрөгийг төлөх юм.
Энэхүү түрээсийн байр болон түрээслээд өмчлөх орон сууц нь урьдчилгаа төлбөргүй гэдгээрээ давуу талтай юм.
Мөн түрээслээд өмчлөх болон ипотекийн зээлийн хэлбэр байгаа юм. Энэ нь 30 хувийн урьдчилгаа төлбөр бүрдүүлэхгүйгээр түрээсийн төлбөр дээр нэмэлтээр сар бүр 860 мянган төгрөгийг таван жилийн турш төлснөөр урьдчилгаа төлбөрөө үүсгэж байна гэсэн үг юм. Эсвэл хамтын өмчлөл буюу “shared mortgage” гэх шинэ хөтөлбөр гарсан. Энэ нь үл хөдлөхийн гэрчилгээ дээр нь орон сууцны эзэмшигч байхаас гадна банк, төрийн орон сууцны корпорац, нийслэлийн орон сууцны корпорацууд хамтран өмчлөгчөөр давхар бүртгэгдэх юм. Үндсэндээ орон сууцны 50 хувийг түрээс, үлдсэн хувийг нь түрээс, түрээслээд өмчлөхөд тооцох юм. Харин үлдсэн хувьд банкнаас зээл авах юм. Энэ нь урьдчилгаа төлбөрийн босго хоёр дахин буурахаас гадна зээл, хүүгийн төлөлт мөн адил буурах юм.
Нэг талаараа төрийн өмчийн 40 мянган айлын орон сууцад гэр хорооллыг айл өрхүүдийг түлхүү хамруулах юм. Мөн хөтөлбөрт хамрагдсан айлын газрыг төлбөрт тооцож авснаар 25 мянган өрхийн яндан буух юм.
Хувийн компанийн 60 мянган айлын орон сууцад ипотекийн зургаан хувийн зээлийг санал болгож байгаа. Үндсэндээ, УИХ-д ирэх оны төсвийг өргөн мэдүүлэхдээ 1.8 их наяд төгрөгийг санхүүгийн салбарт босгож авснаар свопын зардлыг төсөвт тусгаж өгснөөр ипотекийн 6 хувийг хувийн хэвшилд байгаа орон сууцад иргэдийг хамруулах боломж бүрдэж байгаа юм. Мөн анх удаа үл хөдлөхтэй болох гэж байгаа өрхүүдэд ипотекийн 6 хувийг зарцуулах юм. Энэ нь хоёр төрлөөр явагдах бөгөөд 39 мянган айлыг зургаан хувьд хамруулах бол 21 мянган айлыг эхний гурван жилд зургаан хувь, үлдсэн 17 жилд нь 12 хувийн зээлд хамруулахаар болов. Мөн хүн амын нягтаршил, байршил болон түгжрэлээс хамаарч хүү харилцан адилгүй тооцоологдож бодогдох юм” гэлээ.
Ирэх 2027 онд 16 мянган айлыг ипотекийн зургаан хувийн зээлд хамруулж орон сууцад оруулахаар төлөвлөж байгаа аж. 2027 оны төвийг УИХ-аар батлагдсаны дараа эхний айлуудын сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулах аж.


