Нийслэлд 24 цагийн дотор зам тээврийн 584 осол бүртгэгдэж, хоёр иргэн мөргүүлжээ

Нийслэл хотод өчигдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр зам тээврийн ослын шинжтэй нийт 584 дуудлага бүртгэгджээ. Үүнээс явган хүний гарц дээр хүн мөргөсөн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.
Түүнчлэн өвлийн идшээ бэлтгэх зорилгоор орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор замд цасанд суух, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас шалтгаалан саатах эрсдэл үүсжээ. Иймд Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүллээ. Үүнд:
- Замд гарахын өмнө тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангах
- Эрс тэс уур амьсгалтай манай орны өвлийн нөхцөлд дөрвөн улирлын дугуй тохиромжгүй тул өвлийн дугуй хэрэглэх
- Элэгдэж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон өвлийн дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх
- Жолооч нар холын замд гарахын өмнө тээврийн хэрэгслийнхээ бэлэн байдлыг сайтар шалгаж, цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


