Г.Дамдинням Л.Оюун-Эрдэнийг эрчтэйгээр эсэргүүцсэний шагналаа горьдоо юу

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудлаас буулгахад үнэтэй хувь нэмэр оруулсны гавьяаг хүртэхээр яарч байгаа хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням.

Түүнийг Боловсролын сайдын суудлыг эзэгнэхээр улайрч байгаа гэх мэдээлэл бий. Уг нь Ч.Ундрамын нэр яригдаж байсан ч түүнд өөр салбар санал болгож байгаа аж.

Тэр утгаараа Г.Дамдиннямын нэр яригдаж байгаа юм. Гэхдээ түүнийг парламентын гишүүн болоод ч төлөвшөөгүй нэгэн байсаар байгаа тул сайд болоход учир дутагдалтай нэгэн гэх хүн олон байна.

Ганц жишээ нь Хөгжлийн банкны 33 тэрбумын хэрэг. Мань хүн эхлээд тэр хэрэгт огт хамааралгүй хэмээн бусад руугаа бухаж байв. Өөрөөр хэлбэл, тэр албан тушаалаа шигдэн үлдэхийн тулд халаас нэгтэй улстөрчдөө хөлдөө чирч байсан нь саяхан.

Тэгэхээр Засгийн газар муу ажиллалаа гэвэл Ерөнхий сайдаа ч шонд өлгөхөд бэлэн гэсэн үг.

Жил гаруйн өмнө өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад Г.Дамдинням “Би Дарханд байгаа ах, дүү нартайгаа бэлэн мөнгө бариад золговол сонгогч татсан хэрэгт орох уу” гэж асуугаад “Сонгуулийн жил эхэлсэн байхад Г.Дамдинням гишүүн мөнгө төгрөг тараахаа боль, за юу. Хамаатан садантайгаа золгож болох юм уу ч гэх шиг…” хэмээн шүүмжлээд авсан. Тэгэхэд тэр ихэд гоморхон “Дарга аа, та намайг сонгуулийн хууль зөрчсөн гээд байсан. Залруулаарай, Ард түмэн харж байгаа” хэмээн гонгинож байв.

Ер нь тэр өөрийгөө л бодохоос бусдыг боддоггүй. Өмнө нь мөн л “Би УИХ-ын гишүүн байхад замын цагдаа намайг 30 минут саатууллаа” хэмээн давуу эрх эдлэх гэж улайрдгаа ч зарлаж суусан хүн.

УИХ-д сонгогдсоныхоо дараахан Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг мөн ч их мэрж, муучилсан. Арайхийн ашиглалтад оруулсных дараа “Би л хэлж,  ярьж байж энэ замыг дуусгууллаа” ухааны зүйл ярьж замчдын зэвүү, дургүйг хүргэж байсан.

Энэ мэтчилэн тоочвол ихээ, тэр хүний булай. Ийм байтлаа одоо Боловсролын сайдын суудал руу чирч байгаа нь үнэндээ МАН-д боловсон хүчин үгүй юм уу гэж асуухад хүргэж байна шүү.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.