Т.Доржханд: Ерөнхий сайд сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан бол хариуцлагаа хүлээнэ гэж өөрөө хэлсэн

Хамтарсан Засгийн газарт өөрчлөлт орж, АН гарахаар болсон. Энэ үед хамтралын нэг болох ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас байр суурийг нь тодрууллаа. Тэр “Монгол Улс хөгжье гэвэл хамтрахаас өөр аргагүй гэж байр сууриа манай намаас илэрхийлсэн. ХҮН нам бүх орон нутагт салбартай. 100 мянга гаруй дэмжигч, гишүүдтэй, улс төрийн том хүчин болсон. Бид МАН-д та нар улс орныхоо эрх ашгийг урдаа харж байна уу, өөрийн намынхаа эрх ашгийг урдаа харж байна уу гэж шаардлагаа тавьсан. Мөн АН-ын зарим хэсэгт та бүгд хамтарчхаад бид сөрөг хүчин байх ёстой гэсэн байдлаар яваад байх нь улс орны эрх ашиг уу үгүй юу гэдгийг хэлсэн.
Орлогоо нотолж чадахгүй бол явах нь ямар ч улс төрчийн үүрэг. Орлогоо нотолж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ажлаа өгөөд явах ёстой. Энэ нь өөрөө хамтарсан засгийн газрын асуудал биш.
Ерөнхий сайд өөрөө сэтэрхий зүү, сиймхий хадаг авсан байх юм бол хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Хууль хяналтын байгууллага одоо шалгаж байгаа. Хүүхэд нь ирээд шалгуулж байгаа.
Л.Гантөмөр даргыг ойлгож байгаа. Хамтарч ажиллаж байхад маш их дэмтэй байсан. Бид нам үл харгалзан багаар ажиллаж чадсан. Тэнд ямар нэгэн эрх ашиг, хулгай огт байгаагүй.” гэв.