Төлөвлөгөөт хяналтаар 37 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 4 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 475 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 301 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ажиллагаанд 174 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 2 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгджээ.
Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 128 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 19 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар хамаарал бүхий этгээдийг албан тушаалд томилохдоо ашиг сонирхлын зөрчлийн мэдэгдэл гаргаагүй, хуульд заасан нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгосон зэрэг зөрчлийг илрүүлж, авлигын эсрэг хууль тогтоомжид заасан хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлжээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 37 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгасан байна.


